Биткоины дараа дэлхийн хоёр дахь том криптовалют болох этерийг үндэслэгч Орос-Канадын иргэн, 27 настай программист Виталик Бутерин тэрбумтнуудын эгнээнд нэгджээ.
Тэрбээр 2013 онд 19 настайдаа ethereum-ийг зохион бүтээж, 2015 онд зах зээлд гаргаж байжээ. Одоо түүний дижитал хэтэвчинд 333,500 этер хадгалагддаг. Өчигдөр (2021.05.04) уг криптовалютын ханш түүхэн дээд хэмжээндээ хүрч, нэг бүр нь 3500 ам.доллартай тэнцсэн байна. Ингэснээр Бутерины хөрөнгийн хэмжээ 1.1 тэрбум гаруй ам.доллар болжээ.
АНУ-ын тэрбумтан Питер Тиль шинийг санаачлагч залуусыг дэмжих 100,000 ам.долларын “Thiel Fellowship” тэтгэлэгт хөтөлбөрийг 2014 онд зарлахад Виталик Бутерин шалгарч байсан аж.
Этерийн ханш 2021 он гарсаар 375 орчим хувиар өссөн бөгөөд одоо зах зээлийн үнэлгээгээр биткоины дараа хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм. Харин дэлхий даяар гүйлгээнд байгаа бүх этерийн үнэлгээ 403 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ