Арван жилийн өмнө Икс (Х) үсгээ тэврээд Ардын намын хаалгаар хөөгдөөд гарсан Н.Энхбаяр тооноор нь орж ирэнгүүтээ Монголд коммунизм байгуулахаа зарлав. Түүний хүсч байгаа нийгэм нь зүүний чиг баримжаатай Бүгд найрамдах улс болохыг тэрбээр хэвлэлийн бага хурлаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр “Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Норвеги, Швед, Англи, ОХУ нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс болно гэсэн байдаг” тухай онцолсон нь Н.Энхбаярын үг гэхээсээ эрх баригч МАН-ын чин хүсэл болж сонсогдов. Н.Энхбаярт ийм хүсэл байлаа ч түүнд эрх мэдэл байхгүй. Харин эрх баригч МАН-д хүсэл нь, эрх мэдэл нь байна.
Н.Энхбаярын “…Эрүүл мэндийн асуудалд төр засаг нь оролцдог, ажлын байр бий болгоход төр засаг нь тусалдаг, хүмүүсийн хөдөлмөрийг төр засаг нь шинээр үнэлж, тэгш цалин хөлс авахад анхаардаг нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулах” хүсэл мөрөөдлийг нь МАН-ын өнөөгийн удирдлагууд дэмжсэн тул эргээд төрхөмдөө иржээ. Ингээд “Их мөрөн шалбаагтай нийлдэггүй” гэж нэгэн цагт томорч явсан найз Ц.Нямдоржтойгоо Н.Энхбаяр нэг намын нөхөд болцгоов. Үүрдийн нөхөр, үүрдийн дайсан гэж үгүйн бас нэг том жишээ болж үлдэх биз.
Н.Энхбаяртай ийм тохиролцоо хийх байсан учраас МАН-ын удирдлагууд Ц.Нямдоржийг Л.Оюун-Эрдэнийн засгийн Хэрэг эрхлэх сайдар даргаар томилж, амыг нь үджээ гэж уншигдаж байна. Түүнээс "тэтгэвэртээ" суусан Ц.Нямдоржийг тэгж эрхлүүлэнэ гэж үгүй. Гээд МАН-д авах нэг том чанар байдаг. Намын том эрх ашгийн төлөө ядахнаа “амаа үдэж” чаддаг. АН-ынхан байсан бол аль хэдийнэ У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёроо “алаад, шараад” идчихсэн.
МАН, МАХН хоёр үндэс адил, үүх түүх нэгтэй нам болохыг Н.Энхбаяр онцолсон нь үнэн. Нэг чиг баримжаатай, нэг зорилготой намууд нэгдэж буйд гайхах зүйл үгүй. Угаасаа Н.Энхбаяр албан тушаалын төлөө амиа ч худалдахад бэлэн хүн. Ц.Нямдорж шиг Н.Энхбаяр эцэг хүнийхээ хувьд хүүдээ нэг удаа туслаж, гишүүн болгохын төлөө намаа зараа л биз. Шударга үнэний туйл Ц.Нямдорж хүүдээ шахаа хийж өгсөнөө хүртэл бахархдаг хойно.
Рейтинг өндөртэй байвал Э.Батшугарыг миний хүү гээд хавчиж болохгүйг Н.Энхбаяр сануулсан. Тэр талаасаа Ц.Нямдорж, Н.Энхбаяр ижилхэн зантай, эрх ашгийн төлөө чөтгөртэй ч эвсэж чадах хүмүүс.
Хүүгээ гишүүн, хэн нэгнийг засагт сайд болгох нь Н.Энхбаярын эрх ашигт чухал боловч Монголын том эрх ашгийн хувьд жижигхээн асуудал. Хэзээ байтлаа, Монголын төрийн сайдыг томилохдоо мэргэжил боловсрол, ур чадвар, ухааныг нь харж томилдог байлаа. Аль ч нам гарсан наймаа, тохироо найз нөхдийн аваа өгөөний ард албан тушаалаа хувааж идсээр ирсэн. Тэгээд ч үнэмлэхүй олонх болсон МАН-ынханд Сонгинохайрханы ганц мандатыг Н.Энхбаярт бэлэглэлээ гээд алдах юм байхгүй.
Алдахаас айж байгаа гол зүйл нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө болж харагдаж байна, Н.Энхбаярын хэлсэн үгийг сонсвол. Төр ажлын байр бий болгож, Н.Энхбаярын хүсч байгаа шиг авдаг цалинг нь тэгштгэх юм бол Монгол эргээд социалимз руугаа ухарна. Төр томорч, ард түмэн жижгэрнэ гэсэн үг. Төрийн оролцоо хумигдаж байж иргэний эрх чөлөө нэмэгдэнэ. Төрийн оролцоо ихсэх тусам авлига, хээл хахууль, хүнд суртал нэмэгдэнэ. Мэдээллийн нэг урсгалтай болно. Энэ бидний гол аюул.
Тэр тусмаа нэг хүний дарангуйлал тогтсон ОХУ-ыг жишээлэн ярьж буй Н.Энхбаярын үг жинхнээсээ айдас хүйдэс төрүүлж байна. Эндээс харахад коммунистууд тав дахь Үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах улс байгуулахаар цаана тохиролцжээ гэлтэй. Энэхүү Бүгд найрамдах улс байгуулах хүслийнх нь ард Н.Энхбаярын эртний мөрөөдөл болох Ерөнхийлөгчийн засаглал яригдсан нь тэнэг хүн ч олж харахаар тодорхой уншжигдаж байна.
Монгол Улс 1992 онд “Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон” шинэ Үндсэн хуулиа баталсан. Тав дахь удаагаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд парламентын гишүүдийн дөрөвний гурав нь дэмжсэн байх ёстой. Г.Занданшатарын парламентын 76 суудлын 61 нь МАН-ынх. Нэмэх нэг нь Н.Энхбаярын хүүгийнх гэвэл Ардчилсан нам 13-уулаа болоод ч “гөлөөг” ч гэж тоохооргүй хангалттай кноптой гэсэн үг.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалаа бэхжүүллээ, Х.Баттулгыгаа явуулчихлаа гэсэн чинь эрх баригч намдаа эргэн ирсэн Н.Энхбаяр коммунизм байгуулахаа зарласнаас харвал Монгол “чонын амнаас барын аманд орно гэгч" болох шинжтэй.
Ядаж байхад нь Ардчилсан нам нь арав хуваагдаастай. Монголын ардчиллыг хамгаалах нь байтугай, өөрсдийнхөө аль учраа олж чадахгүй яваа тэд Н.Энхбаярын энэ мэт хүслийг хязгаарлаж чадна гэж үү!
МАХН-аа хэнд хэдээр зарах нь Н.Энхбаярын эрх юм байгаа биз. Гээд Монгол Улсын Үндсэн хууль, тусгаар тогтнол, ардчиллаар наймаалцах эрх Н.Энхбаярт байхгүй. Ардчилал байгаа учраас л Н.Энхбаяр Ардын намтай албан тушаалаар наймаалцаад сууж байгаа биш үү. Эргээд коммунизмыг сэргээх нь зөвхөн Н.Энхбаярын хүсэл байгаасай гэж!
Холбоотой мэдээ