ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулийг насжилт дууссан гэх шалтгаанаар газрыг нь чөлөөлөх асуудал хардлага дагуулах болов. Өдгөө 70 жилийн настай тус сургууль хотын А зэрэглэлийн бүсэд их, дээд сургуулиудтай хаяа залган оршдог. Анх 1951 онд баригдсан цагаас хойш үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өдий хүрсэн. Энэ хугацаанд шилэн барилгуудаар хүрээлэгдэж, газар нь хумигдсаар иржээ. Гэтэл одоо элэгдэж хуучирсан хэмээн сургуулийн газрыг чөлөөлөхөөр болж, тендер шалгаруулсан байна.
Тендерийн нээлттэй сонгон шалгаруулалт:
БҮТ: НҮҮЛГЭХ ТАЛААР АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭЭГҮЙ
Өнөөдрийн байдлаар Боловсролын үнэлгээний төвд нүүх, газар сэлгэх талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Тус төвийн захирал Л.Ганбат “Манай Боловсролын үнэлгээний төв хаашаа ч нүүхгүй, одоо байгаа байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Манайхыг нүүх эсэх талаар яамнаас албан ёсны мэдээлэл ирүүлээгүй" гэх байр суурь илэрхийлсэн.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, сургуулийн газрыг ирэх намраас чөлөөлөхөөр төлөвлөжээ. Уг нь Үйлдвэрлэл технологийн сургуулиас түүхэн барилгыг нь шинэчлэх талаар 2017 оноос эхлэн үе үеийн сайд, дарга нарт уламжилсаар иржээ. Багш нарын хэлж буйгаар олон арван жилийг элээсэн тоосгон барилгад нь түүхэндээ дорвитой засвар хийж байгаагүй тул эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулахад бэрх болж. Иймд мэргэжлийн байгууллагаар нь дүгнэлт гаргуулж, чамгүй судалгаа хийсэн байна. Улмаар “Үйлдвэрлэлийн технологи, судалгаа инновацын төв” байгуулах санал дэвшүүлсээр байтал огт шийдвэрлэлгүй таван жил гацжээ. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын “насжилттай учир сайжруулах хэрэгтэй” гэсэн дүгнэлтийг "сугалж аваад" нураах шалтаг болгосонд эрдэмтэн багш нар дургүйцэж байгаа юм.
БШУЯ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХӨӨР ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН ГЭЖ ХАРДАЖ БАЙНА
ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулийн дэд профессор Д.ТҮМЭНБОЛД:
-ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль тус газарт ойрын хугацаанд “Үйлдвэрлэлийн технологи, судалгаа инновацын төв” барих төлөвлөгөөтэй байсан юм. Бид 2017 оноос эхлэн мэргэжлийн байгууллагуудад хандаж дүгнэлт гаргуулж, судалгаа хийж, сургуулийн барилгыг шинэчлэх асуудлаар хөөцөлдсөн. Гэвч эл асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй атал гэнэтхэн л манай сургуулийн газрыг чөлөөлөхөөр болсныг эсэргүүцэж байна.
Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар бидэнд “Боловсролын салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Гэтэл яам нь барилга алга. Тиймээс шинэ барилга барихад МУИС-аас газар авъя гэхэд өгөөгүй. Харин танай сургуулийг шинэчлэх асуудал яригдаж байсан. Тиймээс танай сургуулийн газарт шинэ барилга барья гэсэн шийдэлд хүрсэн” гэсэн байгаа юм.
Одоо газрыг чөлөөлөх тендер хүртэл шалгаруулсан байна билээ. Уг нь бидэнд мэдэгдэж, ярилцаж, санал асууж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай санал авах учиртай. Ер нь багш, оюутнуудын шинэ байрны асуудлыг шийдвэрлээгүй байж газрыг нь чөлөөлнө гэхээр сургуулийн үйл ажиллагааны чиглэл алдагдана гэж үзэж байна. Иймд бид эсэргүүцэж байгаа юм. Сургуулийн газрыг чөлөөлөхөөр болсон нь хотын А зэрэглэлд байршилтай сургуулиудын газар, хөрөнгөд халдаж байна хэмээн бид хардаж байна. Уг нь бага тойргийн орчим бол оюутны хотхоны зохион байгуулалттай шүү дээ. МУИС-иас манай сургууль, МУБИС зэрэг их, дээд сургуулиуд зэргэлдээ оршдог. Гэтэл эл төлөвлөлт алдагдаж, шинэ барилгууд баригдах боллоо.
ХӨӨГДӨХДӨӨ ТУЛСАН БАГШ НАР, ОЮУТНУУДЫН АСУУДЛЫГ ИРЭХ НАМАР ШИЙДВЭРЛЭХ ҮҮ?
Багш нарын хэлснээр, орчин үеийн инженер, технологич, зохион бүтээгч, дизайнерын оюутнуудын сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах тус сургуулийн 200 гаруй багш, ажилтан, 2000 орчим сурагч, оюутнууд хөөгдөхдөө тулаад байгаа аж. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбатаас тодруулахад “Сургуулийн газрыг чөлөөлөх асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарна. Хамгийн гол нь сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан.
Одоохондоо багш нар цахимаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Ирэх намраас эл асуудлыг ярьж шийдвэрлэх хэрэгтэй болно. Энэ асуудлаар салбарын яамтай зөвшилцөнө. Ерөнхийдөө манай сургуулийн удирдах зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд дахин хуралдаж, өмнө нь дөрөвдүгээр сарын 9-нд гаргасан тогтоолыг хүчингүй болгосон.
Эл асуудлыг дахин судлахаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажлын хэсэг байгуулаад байна. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй. Одоогоор сургуулийн барилгыг чөлөөлж, шинэ барилга барих тухай эцсийн шийдвэр гараагүй гэж ойлгож болно. Үүсээд буй нөхцөл байдлын талаар багш нараас саналыг нь авч уламжилсан.
Тус сургуулийн багш удирдлагууд өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны дүгнэлтэд үндэслэн, 2018 онд тогтоол гаргаж байсан юм.
Үйлдвэрлэл технологийн сургуулийн газрыг чөлөөлөх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамны өгч буй мэдээллээр ШУТИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрыг нүүлгэн шилжүүлэх юм байна. Мөн тус сургуулийн 2018 онд гаргасан тогтоолын дагуу шийдвэр гаргаж ажиллаж байна гэсэн тайлбар өгөв.
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙГ НҮҮЛГЭХ АСУУДЛЫГ ЯРЬЖ БАЙНА
Боловсролын үнэлгээний төв барих болсон талаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараас тодруулав.
-ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулийн газрыг чөлөөлөх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ажлын хэсэг байгуулсан. Ямар асуудлыг хэлэлцэж байгаа вэ?
-Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/153 тоот тушаал гарсан. Уг тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг нь газар чөлөөлөх асуудлаар биш юм. Харин ШУТИС-ийн IV байрнаас Үйлдвэрлэл, технологийн сургуулийг нүүлгэн шилжүүлэх, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хичээлийн байрны нөхцөл боломжоор хангах, шинээр барих барилгын зураг төсөв, санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт тусгуулах асуудлыг судлан, санал дүгнэлт гаргах зорилготой ажлын хэсэг байгуулсан.
Мэргэжлийн байгууллагаас ШУТИС-ийн IV байр эрүүл ахуйн болон ашиглалтын шаардлага хангахгүй байна, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй гэх дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан сургуулийн байранд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж болохгүй шүү дээ. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учир сургуулийг нүүлгэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Бид өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэл, технологийн сургуулийг өөр байр руу нүүлгэх талаар судалгаа, яриа хэлэлцээ хийгээд явж байна.
Цаашид сургуулийн байрыг шинээр барих зураг төслийг эцэслэх, ирэх оны улсын төсөвт суулгах асуудлыг судалж, танилцуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. 2022 оны төсөвт тусгуулахаар төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой саналаа өгөөд байна.
-Газрыг чөлөөлөхтэй холбогдуулан тендер шалгаруулжээ. Мөн Үйлдвэрлэлийн технологи судалгаа инновацийн есөн давхар сургалт судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй цогцолбор барих бус Боловсролын үнэлгээний төв барина гэх мэдээлэл байна?
-Сургуулийн барилга нураах гэсэн ажлын тендер зарлагдаагүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгын оронд шинэ барилга барих асуудал үүссэн.
Шинэ барилгыг зөвхөн Боловсролын үнэлгээний төвд зориулж барих гээд байгаа юм шиг буруу ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын мэдээллийн технологийн төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зэрэг боловсролын байгууллагуудад зориулах юм.
Энэ оны улсын төсөвт Боловсролын үнэлгээний төв нэрээр барилгын ажлын зураг төсөл хийгдэж, төсөв хөрөнгө нь туссан. Энэ асуудал сургууль нүүсэн хойно яригдах юм. Түүнээс биш барилгыг нураах тендер гэж байхгүй, зарлагдаагүй. Харин барилгын ажил явагдана, үүнийгээ хууль дүрмийн дагуу зохион байгуулна.
-Хэрэв сургуулийн барилгыг нурааж, газрыг чөлөөллөө гэхэд 200 гаруй багш ажилтан, 2000 гаруй оюутны асуудал хөндөгдөж байна. Энэ талаар салбарын яамнаас ямар бодлого баримталж байна вэ?
-Бидний хамгийн гол сэтгэл зовниж байгаа асуудал бол энэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр оюутан, багш, ажилчдаа хаашаа нүүлгэх вэ гэдгээ ярьж байна. Иймдээ ч Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн II байрыг түрээслээд, оюутан, багш, ажилчдаа суралцах, ажиллах нөхцөл боломжоор хангая гэж байгаа юм. Шинэ сургууль барих асуудлыг ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд, цаашлаад 2022 оны төсөвт тусгуулна. Тэгэхээр шинэ сургуулийнхаа барилгын асуудлыг ирэх оноос шийдвэрлээд явна.
-Энэ асуудал таван жилийн өмнө яригдаж байсан. Гэвч боловсролын салбарын 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлэж, шинээр барилга барихаар төлөвлөсөн нь хардлага дагуулж байна?
-Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаас хойш сургуулийн хамт олон санаа зовж, шинэ барилга байшин барих асуудлын талаар ярьж, идэвх санаачилга гаргаад явж байна. Гэхдээ энэ асуудлаар багахан ойлголтын зөрүү байх шиг байна. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, Төрийн өмчийн хороонд асуудал тавьж, шийдвэрлүүлэх, улсын төсөвт хөрөнгө санхүүжилтийг тусгаж, шинэ барилга барих асуудлаар сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэр 2018 онд гарсан юм билээ. Одоогоор энэ асуудал яригдаад л явж байна.
ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулиас Үйлдвэрлэлийн технологи судалгаа инновацийн есөн давхар сургалт судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, цогцолбор байдлаар барихаар төлөвлөжээ. Одоогийн барилга нь 14 мянган м2 орчим бол шинэ барилгыг 22 мянган м2, 37.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар тооцсон аж. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын үйл ажиллагаанд зориулсан цогц институт барихаар төлөвлөснийг ийнхүү мэдэгдлээ.
Холбоотой мэдээ