IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Казанийн Гранд Слам өнөөдөр (2021.05.05) эхэлж байна. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд таван тивийн нийт 79 орны эрэгтэй, эмэгтэй 408 жүдоч оролцож байгаа аж.
Монголын шигшээ баг Казанийн Гранд Сламыг өнжиж байна
Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан Монголын жүдогийн шигшээ багийн тамирчдаас Covid-19 илэрч, улмаар төлөвлөгөөт тэмцээндээ оролцож чадалгүй эх орондоо ирсэн билээ. Монголын жүдогийн шигшээ баг олимпийн эрхийн оноо олгох Казанийн Гранд Сламд оролцохоор мэдүүлгээ өгөөд байсан боловч тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө нэрээ татаж, өнжихөөр болов.
Монголын жүдо бөхийн холбооноос өчигдөр мэдэгдэл гаргаж, шигшээ багийн тамирчид дэлхийн аваргын бэлтгэлдээ гарсныг зарлалаа. Токиогийн олимпийн өмнө зохион байгуулагдах энэ жилийн ДАШТ нь Унгарын нийслэл Будапешт хотод ирэх зургадугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл, олимпоос өмнө зохион байгуулагдах цор ганц тэмцээн нь Унгарт явагдах ДАШТ.
МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа нараар удирдуулсан шигшээ багийн 60 гаруй тамирчин Хандгайтын баазад дэлхийн аваргын бэлтгэлдээ гарчээ. Энэ удаагийн дэлхийн аваргын бэлтгэлд шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчдаас гадна эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож буйгаараа онцлог аж.
Олимп хүртэл Израилд бэлтгэл хийнэ гэж байсан Саид Моллаей ч энэ удаагийн Казанийн Гранд Сламыг өнжиж байна.
Япон цомхон, Орос өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна
Саяхан Японы жүдогийн шигшээ багийн гишүүнээс Covid-19 илэрч, олимп, дэлхийн аваргын бэлтгэлээ түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан билээ. Халдвар илэрсний маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Казанийн Гранд Сламд оролцох бүрэлдэхүүнээ Японы жүдогийн холбоо зарласан. Энэхүү бүрэлдэхүүнд Фүна Тонаки, Абэ Үта, Араи Чизүрү зэрэг ирэх олимпод оролцох тамирчдаас гадна Мүрао Санширо, Харада Кэнжи зэрэг залуу тамирчид багтсан. Гэвч эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд оролцох байсан Харада Кэнжи гэмтэж, Японы дөрвөн тамирчин энэ удаагийн Казанийн Гранд Сламд оролцохоор болжээ.
Японтой харьцуулбал ОХУ үнэхээр өргөн бүрэлдэхүүнтэй эх орондоо зохион байгуулагдаж буй тэмцээнд оролцоно. Тэд эрэгтэй 28, эмэгтэй 27, нийт 55 тамирчнаа оролцуулах аж. Мөн Израилын Саги Муки, Петер Пальчик, Узбекистаны Шарафуддин Лутфиллаев, Өмнөд Солонгосын Чо Гү Хам, Италийн Фабио Базиле, Бразилын Рафаэл Силва тэргүүтэй дэлхийн шилдгүүд Казаньд саатаад байна.
Казанийн Гранд Сламын эргэн тойронд
Олон улсын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Европын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Сергей Соловейчик өчигдөр тэмцээний сугалааны үйл ажиллагааны үеэр “Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ноён Мариус Визерийн нэрийн өмнөөс баг тамирчдыг Татарстаны нийслэл Казаньд хүрэлцэн ирсэнд талархаж байна. Казань бол Оросын спортын төв. Манай холбооны чухал арга хэмжээнүүд энэ хотод зохион байгуулагддаг. Казанийн Гранд Слам бол олимпийн өмнө тамирчдын бэлтгэл болох чухал тэмцээн. Тамирчдыг Казанийн татамид сайн барилдаж, Токио хүрэх замаа засахыг хүсье” хэмээн ярьжээ.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй -60 кг, -66 кг, эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаанууд явагдана.
Мөн IJF-ийн тэмцээн зохион байгуулагч Лиза Аллан сугалааны үйл ажиллагааны төгсгөлд “Тамирчид, дасгалжуулагчдын хувьд жүдогийн спортоо, замналаа, ажил хөдөлмөрөө хамгаалж байх ёстой. Тамирчид санаатайгаар идэвхигүй барилддаг, зориудаар ялагддаг булхай, хууль бус үйлдлүүд гарах боллоо.
Мөн шүүгчид ч санаатайгаар буруу шийдвэр гаргаж, тэмцээнд нөлөөлж байна. Тиймээс бид жүдогийн нэрт тамирчдын нэг Телма Монтейрог IJF-ийн шударга бус тоглолтоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны элч төлөөлөгчөөр сонгож байна.
IJF-ийн гишүүн холбоод бүгд энэхүү шударга бус тоглолтоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нэгдэн орох болно. Хэрэв та бүхэн барилдаан наймаалцсан, тамирчид хоорондоо хуйвалдсан үйл явдлын гэрч, эсвэл хохирогч болсон бол заавал мэдэгдэх ёстой шүү” хэмээжээ.
Казанийн Гранд Сламын нийт шагналын сан 154 мянган евро
Олон улсын жүдо бөхийн холбоо барилдаан наймаалцах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, допинг хэрэглэх зэрэг шударга бус зүйлстэй тэмцэхийн тулд "Clean Judo" гэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд https://www.ijf.org/cleanjudo гэсэн цэс нээж, дээрх асуудлууд дээр санал гомдол хүлээн авах аж.
Холбоотой мэдээ