Агаарын дүүжин тээвэр "үлгэр" болсон уу?

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

Агаарын дүүжин тээвэр "үлгэр" болсон уу?

Агаарын дүүжин тээвэр "үлгэр" болсон уу?

Нийгэмд эдийн засгийн үр ашгаа өгч, зарим салбарын тодорхой асуудлыг шийдсэн томоохон төслүүдээс цаасан дээрээс цаашаа гавиагүй нь олон. Жишээ нь “Агаарын дүүжин тээвэр”-ийн төсөл. 2020 оны нэгдүгээр сард  хотын дарга асан С.Амарсайхан “2021 оны зургадугаар сард агаарын дүүжин тээврийн эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4  дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно” хэмээн хэлж байв.  

Гэвч “Агаарын дүүжин тээвэр” нь “Улаанбаатар метротой болно” гэдэг шиг мянгуужингийн үлгэр болох бололтой.

Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн хоёр чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнд, Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байх бол хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь Эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, гурван зогсоолтой байхаар тусгагдсан юм.

Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан байдаг. Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох “Пома” групп рүү 16.1 тэрбум төгрөг “Эжис рэйл” ХХК руу 6 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн нь "ШИЛЭН ДАНС"  системд байршчээ.

Дээрх асуудлын талаар Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Агаарын дүүжин тээвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдсэн. Тиймээс нийслэлийн төсвөөс мөнгө гараагүй. Зээлийн хэлэлцээрийн дагуу Сангийн яам дээр бичилт нь хийгдсэн. Харин нийслэлд хамааралтай учраас нийслэлийн данс дээр бичигдсэн” гэхээс өөр тэрхүү урьдчилгаа төлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэх байсан талаар мэдээлэл өгөөгүй юм. Гэсэн хэдий ч “Агаарын дүүжин тээвэр” хэзээ эхэлж, хэзээ ашиглалтад орох нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Уг нь төлөвлөгөө ёсоор бол 2020 онд Францын компанийн мэргэжилтнүүд ирж, ТЭЗҮ болон бусад тооцоолол дээр ажиллах ёстой ч Covid-19-тэй холбоотойгоор инженерүүд нь ирж чадаагүй гэх. Өдгөө энэ төслийн сураг тасарч, хаана ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй ор тас мартагджээ.

Авто замын түгжрэл бол агаарын бохирдолтой дүйцэхүйц тулгамдсан асуудал. Маш том бүтээн байгуулалт, зоригтой шийдвэр, нарийн төлөвлөлтийн үндсэн дээр шийдвэрлэгдэх ажил. Гэхдээ энэ төслүүдийг агаарт замхруулахгүй, ажил хэрэг болгох нь хамгийн чухал.

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ТӨСӨЛ ЗОГСОВ

Дараагийн нэг жишээ нь, 2015 оноос яригдсан тусгай замын автобус юм. Тодруулбал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль орчны сан, Монголын Засгийн газар хамтран санхүүжүүлэх уг төслийн нийт өртөг 274.4 сая ам.доллар бөгөөд 2021 онд үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байв.

Зургаан жил өнгөрөхөд хүрз шороо ч асгаагүй дээрх төсөл 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр зогссон.

2018 онд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Инду Бушан Монголд ирээд буцахдаа санхүүжүүлсэн төслүүд нь үр дүн өгөхгүй бол дахин шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх, батлахад хүндрэлтэй болохыг Шадар сайдад сануулсан. Улмаар тус банкнаас маш олон төсөл, хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр хөрөнгө олгодог ч хэрэгжилт хэт удаан, үр дүн бага байгаад сэтгэл дундуур буйгаа хэлж, урамгүйхэн буцжээ.

Тусгай замын автобус төсөл нь автозамын нэгдүгээр эгнээг бусад эгнээнээс тусгаарлан, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл явуулж, автобусны нэгдүгээр эгнээг замын голд, автобусны буудлыг мөн замын голд шилжүүлэх байсан юм.

МЕТРО ЮУ БОЛОВ?

2011 онд Улаанбаатар хотыг метротой болгох төслийг хэрэгжүүлэхээ монгол дарга нар амлаж байлаа. Албан ёсоор танилцуулсан нь 2013 он. Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км замыг 15-20 минутад туулах метроны тухай үлгэр олон жил үргэлжилсэн ч үнэндээ энэ үлгэрт хүүхдүүд хүртэл итгэлээ больсон. Дарга нарын зохиосон гайхамшигтай үлгэрт нь нийслэлчүүд 2017 оноос метрогоор зорчих тухай гардаг. Гэвч үлгэр тэгсхийгээд амарсайхандаа жаргасан юм. 

2021 он. “Улаанбаатар метро” төслийг иргэдэд албан ёсоор танилцуулсны найман жилийн  ой энэ онд тохиож байна. Төслийн ажил хугацаандаа, төлөвлөсөн ёсоор үргэлжилсэн бол Улаанбаатар метрополист хот болох байх. Нийтдээ 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн 60 хувийг япончууд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор болж, үлдсэнийг нь олон улсын донор байгууллагууд болон хувийн хэвшил, дуудлага худалдаанаас олно гээд тооцсон. Гэвч энэ төсөл 2013 ондоо “царцаж”, бүрмөсөн сураг алдарчээ. Өөрөөр хэлбэл, энэ бүх ажил 2016 оны сонгуулийн дараагаас таг мартагдсан гэсэн үг. “Метроны зам байгуулах зардал өндөр. Тооцоо, судалгаа үндэслэлгүй” гэсэн шалтгаанаар МАН-ынхан засгийн эрхийг авсны дараа  “Улаанбаатар метро” төслийг унагасан байна. 

Нийслэлийн тээврийн газрынхан Улаанбаатарыг метротой болгох ажлын судалгааг дахин эхлүүлж байгаагаа 2018 онд албан ёсоор зарласан. Метроны чиглэлийг Офицеруудын ордноос төв зам болох Энхтайваны өргөн чөлөө дагуу Сонсголон хүртэл, хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км газар доогуур барих бололцоотой гэж тодорхойлсон байна.

Тэд “2030 он гэхэд нийслэлийг метротой болгоно. Санхүүжилтийг нийслэл, эсвэл Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй учир гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, түншлэл, концессын гэрээгээр шийднэ” гэж мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж