“Нийт 345 хоригдогч, хоригдлоос халдвар илэрч, 237 нь эдгэрсэн”

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

“Нийт 345 хоригдогч, хоригдлоос халдвар илэрч, 237 нь эдгэрсэн”

“Нийт 345 хоригдогч, хоригдлоос халдвар илэрч, 237 нь эдгэрсэн”

Цар тахлын нөхцөл байдал хүнд, улсын хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурахгүй хэвээр байна. Энэ үед хорих ангиудад халдварын нөхцөл байдал ямар байгаа болон хоригдогч, хоригдлуудад эмчилгээ, үйлчилгээ үзүүлж чадаж байгаа эсэх талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.


Өнөөдрийн байдлаар хорих ангиудад халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Хорих байранд халдвар тарсан шалтгаан, голомтыг тогтоосон уу?

-Зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг саатуулах байр, 409 дүгээр ангийн дамжин өнгөрүүлэх хэлтэс, мөн Цагдан хорих 461 дүгээр ангид халдвар гарсан. Өөрөөр хэлбэл өдөр тутам байнга гаднаас хөдөлгөөн хийгддэг буюу шинээр хүн хүлээж авдаг ангиудад халдвар гарсан гэсэн үг. Шинээр ирж буй хүмүүсийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулж хүлээн авч байна. Гэвч анх ирэхдээ халдвар авсан нь нууц үедээ байгаад, хоригдсоноос хойш 3-7 хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн. Өөрөөр хэлбэл, халдварын нууц үед байхдаа тухайн ойр орчимдоо халдвар тараасан гэж үзэж байна. Харин өдөр тутам гадна орчноос хөдөлгөөн хийгддэггүй хорих ангиуд болон орон нутгийн цагдан хорих байруудад халдвар гараагүй. Улсын хэмжээнд нийт 345 хоригдол, хоригдогчдоос халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар 237 хүн эдгэрсэн. Харин 108 нь хорих байруудад тусгаарлагдан эмчлүүлж байна.

Халдвар авсан хоригдол, хоригдогч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрсэн мэдээлэл байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа хорих ангиудад Covid-19 нийтдээ тархсан, ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй байгаа мэтээр иргэдэд болон ял эдлэгсдийн ар гэрт буруу ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээ гарч байна. Энэ асуудлын тухайд хэлэхэд, хорих ял шийтгэгдсэн этгээдүүдийг эрүүл мэндийн даатгалд нэг бүрчлэн хамруулдаг. Даатгалынхаа хүрээнд эмчилгээ хийлгэдэг. Жилдээ нэгдсэн эмнэлэг дээр орны эргэлт хоёр мянга орчим хүнтэй байдаг. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн эмчилгээнүүд хийгдэж байгаа бөгөөд төсөв мөнгөний тал дээр ямар нэг хүндрэл гараагүй. ШШГБ-ын хэмжээнд халдвар гарсан тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан байсан бөгөөд уг төлөвлөгөөний хүрээнд ажлаа зохион байгуулж байна. Үүнд, төвлөрсөн эмнэлгүүдээс зохион байгуулсан эмнэлгийн гурван баг тандалт судалгаа, ариутгал халдваргүйжүүлэлт, эмнэлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  Өнөөдрийн байдлаар төсөв санхүүжилт болон эм, эмчилгээний тал дээр ямар нэгэн хүндрэл гараагүй.

Халдвар авсан хоригдлуудад ямар эмчилгээ, тусламж үйлчилгээг хүргэж ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү? 

-Цагдан хоригдогсдод эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, ял шийтгүүлээд тогтоол хүчинтэй болсон этгээдүүдэд үйлчилдэг хоёр тусдаа эмнэлэгтэй. Мөн сүрьеэ болон бусад халдварт өвчнийг эмчилдэг эмнэлэг тусдаа бий. Суурь өвчтэй, өндөр настай, биеийн байдал нь хүндэрч болзошгүй хоригдлуудыг дээрх эмнэлгүүдэд эмчилж байна. ХӨСҮТ болон бусад эмнэлгүүдэд хэрэглэгдэж байгаа эмчилгээний стандартын дагуу эмчилгээ хийж байна. Дархлаа дэмжих нэмэгдэл хоол хүнс ч олгож байна.

-Одоогоор халдвартай нь батлагдсан хүмүүс дунд биеийн байдал хүндэрсэн тохиолдол бий юу?

-Ямар нэгэн хүндэрсэн тохиолдол байхгүй. Биеийн байдал нь хүндэрсэн тохиолдолд улсын клиник эмнэлгүүдэд шилжүүлэх гэрээтэй ажилладаг. Уг гэрээний хүрээнд Улсын клиникийн төв гуравдугаар эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, ХӨСҮТ-д тус бүр нэг хүн хэвтэн эмчлүүлж, эдгэрсэн.

Эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож буй хоригдлуудын 50 хувь халдвар авсан. Мөн нярай хүүхэдтэй ээжүүдээс халдвар илэрсэн гэх мэдээлэл байна?

-Эмэгтэйчүүдийн хорих ангид халдвар гарсан тохиолдол бий. Дээр хэлсэнчлэн эрсдэлтэй гэж үзсэн хүмүүсээ эмнэлэгт шилжүүлсэн. Бүгд эмчилгээнд хамрагдаад байна. Хоригдож буй нярай хүүхэдтэй эхчүүдийн дунд халдвар гарсан гэдэг нь ташаа мэдээлэл.

-Хорих ангиудад ял эдэлж буй хоригдол, хоригдогсдыг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн үү?

-Улсын хэмжээнд цар тахал дэгдмэгц УОК, ХЗДХЯ-наас шуурхай арга хэмжээ авч, нийт хоригдол, хоригдогсдын 88.8 хувийг нэгдүгээр тунд хамруулсан. Харин өчигдөр буюу тавдугаар сарын 4-нөөс эхлэн вакцины хоёрдугаар тунд хамруулж эхлээд байна. Ер нь Улаанбаатар хотын хэмжээний хорих ангиудын дархлаажуулалтын ажлыг энэ долоо хоногтоо хийж дуусгахаар төлөвлөсөн. Үүнээс гадна халдвараас хамгаалах, аюулгүй байдлыг хангах, бусдад халдвар дамжуулахаас сэргийлэх зорилгоор 2669 алба хаагч буюу алба хаагчдын 91 хувийг дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунд бүрэн хамруулаад байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж