Аж үйлдвэржсэн, чинээлэг долоон орны бүлгийн Гадаад хэргийн сайд нар Covid-19 цар тахал гарснаас хойш хоёр жилийн дараа анх удаа нүүр тулан уулзлаа. “Их-7” бүлгийн сайд нарын уулзалт Английн Лондон хотноо Мягмар гаригт болсон юм. Уулзалтаар тэд ардчилал, хөгжил дэвшил, нийгмийн эрүүл мэндэд учирч буй аюул, заналхийллүүдийн талаар авч хэлэлцжээ.
Зохион байгуулагч Их Британи энэхүү уулзалтад Иран, ОХУ, Хятадын түрэмгий бодлого, үйл ажиллагаа нь ардчилсан нийгмүүд, олон улсын хууль журамд ямар аюул учруулж болохыг хөндөн хэлэлцсэн байна. Мөн Мьянмарын цэргийн эргэлт, Этиопын Тыграе муж дахь зэвсэгт мөргөлдөөн, Афганистаны нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн дэлхий нийтийг хамраад буй цар тахлын эсрэг олон улсад хүртээмжтэй байхаар вакцин үйлдвэрлэлийг дэмжих талаар ч сайд нар зөвшилцсөн байна.
Зохион байгуулагч орны зүгээс Их-7 бүлгийн сайд нарын дээд хэмжээний уулзалтын үеэр халдвар тарахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, оролцогч нарыг шинжилгээнд хамруулжээ. Уулзалт цар тахлаас шалтгаалан онцгой нөхцөлд зохион байгуулагдсан бөгөөд хоёр өдрийн ихэнх уулзалт цахим хурал хэлбээр болж, уламжлалт оройн зоогийг хүн хоорондын зай барих дүрмийн дагуу зохион байгуулжээ. Гэсэн ч оролцогч орны дипломатууд тус бүрдээ албан бус уулзалт зохион байгуулах боломжтойгоороо онцлог аж.
Энэ уулзалтаар “Их-7” бүлгийн тэргүүн нарын чуулга уулзалтыг ирэх зургадугаар сард Английн Корнуоллд зохион байгуулж, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даргалахаар тохиролцсон байна.
ИХ БРИТАНИЙН АМБИЦ
Их Британи, АНУ, Канад, Франц, Герман, Итали, Японы Гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн уулзалтад урилгаар Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос, Өмнөд Африк зэрэг орны Гадаад хэргийн сайд нар мөн оролцлоо. Эдгээр орныг урилгаар оролцуулсан нь Европын холбооноос гарсны дараа Их Британи нь Ази тивтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж буй юм.
Улмаар Доминик Рааб дээрх орны Гадаад хэргийн сайд нарыг тус бүрд нь хүлээн авч уулзжээ. Тухайлбал, Доминик Рааб Японы Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицүг Даваа гаригт хүлээн авч уулзахдаа чөлөөт худалдааны асуудлыг хэлэлцсэн байна. Их Британи нь Европын холбоог орхисныхоо дараа Атлантын далай дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлд нэгдэх хүсэлт гаргасан юм. Тус түншлэлд Япон болон Номхон далайн орнууд багтаж, чөлөөт худалдааны гэрээ байгуулсан байдаг.
Сөрөг хүчний улстөрчид болон олон улсын тусламжийн байгууллагууд “Их-7” бүлгийн уулзалтыг Лондонд зохион байгуулсан нь дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаанд Их Британи улс илүү идэвхтэй оролцож, нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж буйн илрэл хэмээн дүгнэжээ. Одоогоор Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 0.7 хувийг гадаадын тусламжид зарцуулдаг байсныг цар тахлаас болж 0.5 хувь болгож бууруулсан байна. Энэ талаар Доминик Рааб “Гадаад тусламжийн төсвийг танах нь хүнд шийдвэр байсан. Гэхдээ дэлхийн сайн сайхны төлөө Их Британи илүү том хүч болно” хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татжээ.
ОРОС, ХЯТАД, ИРАНЫ ТАЛААР АНУ, ИХ БРИТАНИ ХЭЛЭЛЦЭВ
Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Даваа гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг хүлээн авч уулзжээ. Тэд АНУ болон Умард Атлантын цэргийн эвсэл “NATO” байгууллага 20 жилийн дараа Афганистан дахь хүчээ сулруулж, цэргээ татаж эхэлсэн талаар ярилцаж, Иран, Хятад, ОХУ-ын учруулж болох аюул, заналхийллийг авч хэлэлцсэн байна. “Их-7” бүлэг өмнө нь “Их-8” гэгдэж байгаад 2014 онд Крымийн хойг Украинаас салж, Кремльд нэгдсэний дараа ОХУ-ыг тус бүлгээс “хөөсөн” юм.
Уулзалтыг даргалсан Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб хэлэхдээ “Хэмжээгүй эрхт засаглалуудад ардчиллын үүд хаалга үргэлж нээлтэй” хэмээсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Украины хил дээр дайн үүсч болзошгүй нөхцөл байдал үүсгэж, барууны орнуудыг чиглэсэн цахим дайралт, мэдээллийг гуйвуулах, сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан зэрэгт буруутган шүүмжлэв.
Навальныйг хордуулсан нь хүний эрхийн ноцтой зөрчил төдийгүй ОХУ-ын газар нутагт химийн зэвсэг хэрэглэсэн ноцтой тохиолдол хэмээн тэрбээр онцолсон байна.
Их Британийн Гадаад хэргийн сайд хэлэхдээ Лондон, Вашингтон нь өөрсдийн нийтлэг үнэт зүйлд сорилт болж буй Хятадын эсрэг нэг байр суурьтай гэдгийг онцолсон байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ Нэгдсэн улсын зорилго нь Хятадыг дарах, унагаах биш, олон улсын хууль дүрэмд суурилсан дэг журмыг сахиулахад оршиж байгааг мэдэгджээ. “Эдгээр хууль дүрмийг дэлхий даяар хүн ардын тусын тулд боловсруулж, дагаж мөрдүүлэхийн тулд олон улс удаан хугацаанд хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсан. Гэтэл Хятад, эсвэл өөр ямар нэг орон эдгээр хууль дүрэмд суурилсан дэг журмыг мөрдөхөөс татгалзах, нураах, сорихын эсрэг бид зогсож, үүнийг хамгаална хэмээн Блинкен мэдэгджээ.
Тэрбээр Хятадыг дотооддоо илүү дарангуй, гадагшаа түрэмгий үйл ажиллагаа явуулж байна хэмээжээ.
Хүйтэн дайны дараа Зөвлөлт холбоот улс задарсантай зэрэгцэн сүүлийн 40 жилд Хятадын эдийн засаг, цэргийн хүчин чадал өссөнөөр геополитикийн нөлөөлөл нь нэмэгдсэн юм. Ираны тухайд хоригдол солилцох талаар ярилцсан аж. Харин ОХУ-ын талаар ярихдаа Энтони Блинкен “Москва нь хүч түрэмгий, болчимгүй үйлдэл гаргавал бид хариу арга хэмжээ авна” хэмээн онцлон мэдэгджээ.
Холбоотой мэдээ