"Нийслэлийн доор газар хөдөлвөл анхааруулах систем ажиллахгүй" | News.MN

"Нийслэлийн доор газар хөдөлвөл анхааруулах систем ажиллахгүй"

"Нийслэлийн доор газар хөдөлвөл анхааруулах систем ажиллахгүй"

"Нийслэлийн доор газар хөдөлвөл анхааруулах систем ажиллахгүй"

Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн Ч.Одонбаатартай ярилцлаа.   


-Он гарснаас хойш Монголд нэлээн хэдэн газар хэд хэдэн удаа газар хөдөллөө. Олон давтамжтай газар хөдлөх нь юутай холбоотой вэ. Ер нь газар хөдлөлтийн шалтгаан юу байдаг вэ?

-Монгол орны нутаг дэвсгэр нь Төв Азийн эх газрын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог. Сүүлийн 10 гаруй жилийн дунджаар магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт манай орны нутаг дэвсгэрт жилд 40 орчим боллоо. Энэ жилийн хувьд Ханхын хүчтэй газар хөдлөлтийг эс тооцвол магнитуд нь 3.5-аас дээш хүчтэй газар хөдлөлт 16 удаа болсон байна.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт нэгдүгээр сарын 12-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн давталт 60 гаруй мянган удаа болоод байна. Ер нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт болж буй хүчтэй газар хөдлөлт олон тооны давталт дагуулдаг.

Тухайлбал, 1991 оны арванхоёрдугаар сард Бүсийн голд болсон хүчтэй газар хөдлөлтийн давталт жил гаруй үргэлжилж байсан. Ер нь Хөвсгөлийн энэ бүс нутаг нь Монгол орны газар хөдлөлтийн идэвхтэй бүсийн нэг юм.

-Ойрын хугацаанд Монгол орны аль хэсэгт газар хөдлөлт болохыг тодорхойлох боломж бий юү?

-Яг аль хэсэгт хэр хүчтэй газар хөдлөлт маргааш, эсвэл ойрын нэг сар, жилд болох боломжтойг тодорхойлсон зүйл байхгүй.

Өнгөрсөн жил Монгол орны хувьд 44 мянга орчим газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ нь өдөрт дунджаар 120 орчим газар хөдлөлт бүртгэгдсэн гэж үзэж болно. Харин мэдэгдэм хүчтэй буюу 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт Монгол орны нутаг дэвсгэрт 62 бүртгэгдсэн байна.

Нөгөө талаас газар хөдлөлт болох зүй тогтол байдаг. Жишээ нь, газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд гэж байна. Эдгээр хагарлууд дээр дахин газар хөдлөх магадлалтай байдаг. Тухайн хагарлууд дээр дахин газар хөдлөлт болох магадлалыг тусгай судалгаагаар үнэлж болдог. Энэхүү зарчимд тулгуурлан бид газар хөдлөлтийн аюулын үнэлгээний зураг зохион гаргадаг. Монгол орны хувьд энэхүү зургийг хамгийн сүүлд 2018 онд зохиосон. Монгол орны хувьд баруун талаараа идэвхжилт өндөр, зүүн талаар харьцангуй тайван байдаг.

-Газар хөдлөлтийн прогнозыг урьдчилан гаргах боломжгүй гэсэн үг үү. Шинжлэх ухаан хөгжөөд, цаашид үүнийг мэдэх боломжтой болох уу?

-Одоогоор болзошгүй газар хөдлөлтийг цаг хугацаа, орон зайн хувьд нарийвчлалтай тодорхойлох боломжгүй байна. Манай орны хувьд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийг урьдчилан таамаглах боломжийг судлах геофизикийн цогц станцууд ажиллаж байна. Ер нь хүчтэй газар хөдлөлтийн өмнө ямар нэг физик оронд өөрчлөлт орох боломжтой эсэх талаар олон судалгаа хийгдэж байна.

-Хүмүүс дуут дохиог газар хөдлөхөөс өмнө урьдчилан дуугардаг гэж ойлгодог?

-Энд хүмүүсийн нэг төөрөгдөл байдаг. Жишээ нь, газар хөдлөлтийг Япон, Турк зэрэг улсад урьдчилан хэлдэг гэж. Яг газар хөдлөлт болохыг урьдчилан хэлэх боломжгүй. Харин газар хөдлөлт болсны дараа тухайн газар хөдлөлтөөс ирэх хүчтэй долгионы буюу чичирхийллээс өмнө амжиж анхааруулах систем гэж байдаг. Энэ нь газар хөдлөлтөөс үүссэн чичирхийлэл дамжуулах өндөр далайцтай S долгион нь харьцангуй удаан буюу 3-4 км/секунд хурдтай тархдаг. Жишээ нь, Ханхад болсон газар хөдлөлт нь Улаанбаатар хотоос шулуунаар 600 км. Энэ тохиолдолд Улаанбаатар хотод газар хөдөлсөнөөс хойш 150-200 секунд буюу 2-3 минутын дараа чичирхийлэл мэдрэгдэнэ. Энэ зарчмыг ашиглан анхааруулах систем ажилладаг. Энэ зай ойртох тусам амжиж анхааруулах систем ажиллах боломж багасна.

Улаанбаатар хотын яг доор газар хөдөлвөл уг систем ажиллахгүй гэсэн үг юм. Монгол орны хувьд гурван цэгт буюу Дундговь аймгийн Дэрэн сум, Булганы аймгийн Могод сум, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд уг системийг ажиллуулж байна.

-Улаанбаатар хотод газар хөдлөхөд дуут дохио нэг ч удаа дуугараагүй, ажиллаагүй. Үүний шалтгаан юу вэ?

-Дээр дурдсанчлан Монгол Улсад ажиллаж байгаа амжиж анхааруулах гурван системийг газар хөдлөлтийн голомтын хувьд л суурилуулсан. Эдгээр голомтуудад газар хөдөлсөн тохиолдолд ажиллах юм. Нөгөөтэйгээр хүчтэй газар хөдлөлт болсны дараа манай хүрээлэн дээр бүтэн автомат систем газар хөдлөлтийг хоёр минутын дараа тодорхойлох боломжтой. Энэ нь бас манай улсад ажиллаж байгаа станцын нягтаршил, байрлал зэрэгтэй холбоотой юм.

-Газар хөдлөлтийг хэмжих тоног төхөөрөмж, дуут дохио Монголд шаардлагатай хэмжээнд байж чадаж байна уу?

-Тоног төхөөрөмжийн хувьд харьцангуй гайгүй. Монгол орон даяар 50 орчим цэгт газар хөдлөлт бүртгэх станц ажиллаж байна. Яг ямар судалгаа хийхээс хамаарч тоног төхөөрөмжийн нягтаршил тоо, хүчин чадал гээд олон зүйл бий. Мэдээж Монгол орныг Япон, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орон шиг газар хөдлөлтийн станцаар бүрхэн ажиллуулбал илүү сайн үр дүнгүүд гарна. Гэхдээ нөгөө талаас нэг станц ажиллуулахад тоног төхөөрөмж, байр, манаач, мэдээлэл дамжуулах төлбөр гээд зардал өндөр гардаг.

-Улаанбаатар хот дотор станцууд байгуулах шаардлага бий юу?

-Тийм шаардлага байгаа. Бас нэг хэлэх зүйл нь яг маргааш газар хөдөлнө гэхээс илүү энэ бүсэд ийм газар хөдлөлт болох боломжтой, түүнээс ирэх чичирхийлэл тийм хүч болон давтамжтай байна гээд, түүнд нурахгүй чанартай барилга барих хэрэгтэй гэсэн энэ чиглэл рүү л дэлхий нийтээр явж байгаа юм. Манай орны хувьд ч гэсэн газар хөдлөлийн ерөнхий болон бичил мужлалын судалгаа хийж, түүнийг барилгын норм дүрэмд оруулах замаар алхам алхмаар явж байна.

-Хэдэн магнитудын газар хөдлөлтийг тоног төхөөрөмж мэдэрдэг вэ. Харин хүнд мэдрэгдэж байгаа газар хөдлөлт нь хэр хэмжээнд байдаг вэ. Газар хөдлөлт хэдээс дээш байгаа тохиолдолд аюултайд тооцох вэ?

-Хасах магнитудтай газар хөдлөлтийг ч тодорхойлох боломжтой. Долгионы давтамж газар хөдлөлтийн гүн, тухайн хүний мэдрэг байдал зэргээс хамаарч янз бүрийн газар хөдлөлтийг хүн мэдрэх боломжтой. Дунджаар магнитуд 3.5 дээш байхад хүнд мэдрэгдэх боломжтой гэж үздэг. Магнитуд дөрвөөс дээш байхад барилга байгууламжид нөлөө үзүүлэх аюултай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-05 192.82.90.27

Аргагүй шдээ энэ тэнд газар ухаад хамаг гагнаасыг нь аваад байхаар сул шороо нь яаж барих вэ дээ.Алт,мөнгө, төмөр,зэс нүүрс шонш янз бүрийн чулуунуудыг нь ухаад авчихаар ойлгомжтой шүү дээ.Хэдэн луйварчин хулгайчуудаас болж Монгол улс газар доогуур орох л дутаж байна.Үмхий хувалзнууд

Avatar

Зочин 2021-05-05 37.120.208.130

Тоног төхөөрөмж нэмж дэмий зардал гаргаж байхаар хэдэн нохой, ганц нэг тарвага тэжээ! Тэгээд тэд нараа ажиглаж байхад арай дээр хэдэн минутын өмнө мэдэх юм бна!!😂

Avatar

Цог мн 2021-05-05 139.5.216.243

Та нар үхэх ёстой бол үхнэ . Зурсан зураг чинь иэр

Avatar

Ванга 2021-05-05 66.181.178.95

Өнөөдөр өдрөөс хойш л газар хөдлөлтийн чичирхийлэл ойр ойрхон тасралтгүй мэдрэгдээд байна одоо ч үргэлжилж байна шүү

Avatar

Зочин 2021-05-05 139.5.216.10

Unetei stants, tonog tuhuurumj gej baihaar ene huniig avaad ajilluullahsd bolj baigaa yum bishuu

Avatar

ч 2021-05-05 192.82.74.46

Гадаргуугийн чичирхийлэлийг бүртгээд газар хөдөлсөн гэж болохгүй шүү дээ. Үзэгдэлдээ орж яриа ч дээ Хоногт 120 удаа газар хөдөлсөн гэнэ эээ кккк

Avatar

с 2021-05-05 192.82.74.46

Яаж ч газар хөдлөсөн дуугарах боломжгүй олон сирена Улаанбаатард байна даа Мөнгийг нь хусаад зэрэмдэглэсэн учраас дуугарах боломжгүй 2014 онд Их хурлаар яриад ч Бадрал бултаад гарсан

Avatar

Зочин 2021-05-05 66.181.189.85

Боломжгүй л гэдэг хариулт сонсохиймдаа

Avatar

Д 2021-05-05 64.119.19.139

Судалгаагаа хийгээчээ, олон удаа газар хөдөлж байна гэдэг чинь нэг юм хэлээд байгаа юм бишүү. Японоос судлаач урих хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2021-05-05 202.9.40.250

Японд 30 секундийн өмнө л мэдвэл их юм, байшин барилгаа л сайн барих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж