Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөөд буй. Тус комиссын Ажлын зөвлөл эхний байдлаар журмын төслийг боловсруулж, хөл хориог бүрэн сулруулахгүй байх хувилбарыг ярьж байгаа аж. Өнөө орой УОК-ын Ажлын зөвлөл энэ асуудлаар хуралдана гэдгийг Шадар сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар хэллээ.
Учир нь өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо буурахгүй байгаа тул бүх үйл ажиллагааг зэрэг нээх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Тодруулбал, УОК-оос том худалдааны төвүүдийг энэ сарын 8-аас нээхгүй, дахин долоо хоног сунгах саналыг гаргаж байгаа аж. Харин үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний газрыг нээх зэрэг олон хувилбарыг хэлэлцэх гэнэ.
Цаашид халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх шаардлагатай гэдэг саналыг албаныхан хэлж буй.