Дэлхийн сүйрлийн тухай өгүүлдэг уран сэтгэмжит кино, зохиол, цахим тоглоомууд дээр солирын мөргөлдөөнийг дүрслэх нь олон. Зохиолынхоо онцлогоос шалтгаалаад хүмүүст сүйрэлд бэлдэх цаг хэдэн өдрөөс хэдэн сар гээд янз янз байх нь бий. Гэтэл үргэлж хүн төрөлхтөн ямар нэг илбийн мэт арга сэдэн түүнийгээ хэрэгжүүлснээр аймшигт сүйрлээс аврагдаж төгсдөг. Гэхдээ энэ бол ердөө зохиолч, найруулагчийн уран сэтгэмж төдий юм.
Харамсалтай нь бодит байдал дээр хүн төрөлхтөн хэчнээн чадварлаг технологиудыг бүтээсэн боловч солиртой мөргөлдөхөө тулбал кинон дээр гардаг шиг азтай байхгүй нь бололтой. Тухайлбал NASA агентлагийн сүүлд зохион байгуулсан дэлхийг солироос хамгаалах туршилт сургуулилт бүтэлгүйтэж, хүн төрөлөхтөнд бэлтгэх зургаан сарын хугацаа байсан ч дэлхийгээ солироос аварч чадахгүй болохыг нотоллоо.
Жил болгон зохион байгуулдаг сансрын батлан хамгаалахын хуралд олон орны сансар судлалын хүрээлэнгийн төлөөллүүд оролцож, "2021PDC" хэмээн нэрлэсэн зохиомол солир дэлхийг мөргөх гэж байгаа мэтээр шуурхай ажиллан туршиж үзэхээр шийджээ. Тэгэхдээ хүн төрөлхтөнд дэлхийг аврах зургаан сарын хугацаа бий хэмээн тооцож бэлдсэн ч амжилтгүй болжээ.
Туршилтын хүрээнд солирын чиглэлийг тодорхойлж, Европын газар нутагт унахыг амжилттай тооцоолсон ч энэ бол хийх ётой нийт ажлын ердөө эхлэл байв. Туршилтын хамгийн гол зорилго бол мэдээж дэлхийг чиглэн ирж буй солироос хэрхэн аврагдах төлөвлөгөө боловсруулах юм. Энэ тал дээр эрдэмтэд Солирыг цөмийн бөмбөгөөр сөнөөх тэргүүтэй хэд хэдэн санаа дэвшүүлсэн боловч солирын чиглэлийг тодорхойлох хооронд "2021PDC" рүү цөмийн бөмбөг хөөргөхөөс нэгэнт оройтож, дэлхийтэй дэндүү ойртсон байв. Түүнээс гадна дээрх аргыг хэрэглэснээр солир олон том хэсэгт хуваагдаж улмаар дэлхийн олон хэсэгт унаж улам их хохирол учруулах аюултай хэмээн зарим эрдэмтэд үзжээ. Тэгээд ч олон улсын хууль тогтоомжийн дагуу сансарт цөмийн пуужин ашиглахыг хориглодог тул дээрх аргыг хэрэглэх, пуужингаа бүтээх зэрэгт зургаан сар тун хангалтгүй юм.
Тийнхүү бүтэлгүйтсэн ажиллагааны эцэст "2021PDC" зохиомол солир Чех, Герман, Австрийн хилийн орчимд унажээ. Солирын талаар хамгийн сүүлийн мэдээлэл нь мөргөлдөөнөөс нэг секундын өмнө "" 2021PDC газраас 23км өндөрт байгаа талаар мэдээ байв. Солир 100м орчим диаметртэй боловч эргэн тойрны 300км газарт аймшигтай сүйрэл дагуулжээ.
Мэдээж хэрэг энэ бол туршилтын сургуулилт төдий байсан тул хурлын хэдэн өдрийн хугацаанд хэлэлцсэн зүйл бодит зургаан сартай харьцуулашгүй байж болох юм. Мөн хэрвээ дээрх үйл явдал бодитоор болбол хэрэглэж болох аюултай боловч хамгийн найдлага төрүүлж буй арга нь цөмийн пуужин тул жинхэнээсээ дэлхийг солир мөргөхөөс гарцаагүй болох юм бол олон улсын хууль тогтоомжийг зөөлрүүлэх шаардлага гарах бололтой. Учир нь бүтэхээргүй байсан ч энэ бол хүн төрөлхтөнд буй ганц арга юм.
Эх сурвалж: BGR
Холбоотой мэдээ