Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэг улсаас ирэх иргэдээ хүлээн авахаас татгалзсан Австралийн Засгийн газрыг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж байна. Учир нь тус улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт сүүлийн 14 хоногт Энэтхэг улсад байсан иргэдийг эх орондоо ирэхийг нь хориглож, уг журмыг зөрчвөл 66 мянган австрали долларын торгууль, эсвэл таван жил хорих шийтгэл ногдуулна гэж мэдэгдсэн билээ.
Энэ хориг тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан цааш сунгагдах боломжтой бөгөөд энэ нь дэлхийн аль ч улсын авч хэрэгжүүлээгүй хатуу арга хэмжээ болж байгаа юм. Тэгвэл энэ шийдвэрийг Австралийн энэтхэг гаралтай иргэдийн нийгэмлэг, хүний эрхийн байгууллагууд хүчтэй шүүмжилж, арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргалаа хэмээн бухимдаж байгаа аж.
Австралийн Хүний эрхийн комиссоос Засгийн газрын тавьсан хоригийг “Хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг” хэмээн тодорхойлоод, шийдвэрээ эргэн харахыг уриалжээ. Гэвч Австралийн эрх баригчид энэ шийдвэр нь улс орны аюулгүй байдал, нийт ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах шийдвэр гэдгийг тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн уг шийдвэр арьс өнгөний үзэлтэй огт холбоогүй бөгөөд эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрдэмтдийн зөвлөмж дээр тулгаарласан гэдгийг онцолжээ. Мөн тус улсад сүүлийн 24 цагт тусгаарлах байруудад бүртгэгдсэн халдварын тохиолдлын 57 хувь Энэтхэгээс гаралтай байсан гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ