АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистанаас бүх цэргүүдээ татах талаар зарласны дараахан Аль-Кайда бүлэглэл америк цэргүүдийн эсрэг бүх фронтод дайн үргэлжлүүлэхээ амлалаа.
Эргэн санавал, өнгөрсөн сард Жо Байден Афганистанд буй 2500 цэргээ энэ оны есдүгээр сарын 11 буюу дэлхийн худалдааны төв нурж дайн эхэлснээс 20 жилийн дараа гэхэд бүрэн татаж дуусгана гэдгээ мэдэгдсэн билээ.
Гэтэл Аль-Кайда бүлэглэл хариу мэдэгдэл хийж, АНУ-ын эсрэг дайн Афганистанаас бусад фронтод үргэлжилж, АНУ бусад бүх Исламын шашинт нутгуудаас гартал дуусахгүй хэмээжээ. Орчуулагчаараа дамжуулан CNN агентлагтай ярихдаа Аль-Кайда бүлэглэл Афганистанд болж буй үйл явдлыг өөрсдийн ялалт хэмээн тунхаглаж “Америк энэ дайнд ялагдлаа. Афганистаны дайн бол бидний хийж байсан хамгийн том дайн. АНУ чухамдаа манай афган ах дүүсийн хувьд асуудал байсангүй. Гэхдээ тодорхой хэмжээнд золиос гаргасны үр дүнд америкчууд ялагдлаа. АНУ-ын Бүгд найрамдах, Ардчилсан гээд хоёр нам хоёул Афганистаны дайнд бууж өгөхөөр шийдсэн. Осама Бин Ладен, Шейх Осама, Шейх Атияхуллах, Шейх Абу Яхья Аль-Либи нарыг бурхан өршөөх болтугай. Тэдний болон бусад олон дайчдын минь үхэл биднийг ялалтад хөтөллөө. Афганистан болон бусад бүх дайны талбарт зэвсэг нэгт ахан дүүсээ өмгөөлөн хамгаалж тулалдсан дайчиддаа баярлалаа” хэмээн ярьжээ.
Харин Жо Байден энэ талаар ярихдаа “Бид Афганистанд дайн хийхдээ ямар нэг эзлэн түрэмгийллийн зорилго агуулаагүй. Бидний гол зорилго бол есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан алан хядагчдаас өшөөгөө авах байсан. Тиймдээ ч бид Осама Бин Ладен болон Афганистанд орогнож байсан Аль-Кайдагийн алан хядагчдад шударга ёсыг харуулсан. АНУ-ын 20 жилийн хичээл зүтгэл, золиос маш их. Тиймээс одоо цэргүүд гэртээ харих цаг болсон. Хэдийгээр бид цэргээ татаж байгаа ч ирээдүйд учрах бүх аюул, эрсдлийг сөрөн тэмцэхэд бэлэн байх болно. Афганистаны хувьд алан хядагчдын аюул нэгэнт дууссан. Харин цаашид бид өөр хаанаас ч ямар ч аюул ирсэн даруй зогсоох болно” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN