Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль АН-д ээлгүй байна. Арай гэж хоёр нэр дэвшигч тодруултал, одоо хоёр тамганы асуудал маргааны гол бай болж, сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлж чадах эсэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр шүүхээр АН-ын тамганы асуудлыг авч хэлэлцэх нь. АН-ын даргын түр үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намын дүрмийн бус алхмуудыг удаа дараа хийсэн гэж үзээд С.Эрдэнэ намын даргаа үргэлжлүүлэн хийхээр болсноо зарлаж, АН-ын тамгыг буцааж авах шаардлагыг тавьсан.
Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй учир эрх бүхий төрийн байгууллагад хандсан байдаг. Улсын бүртгэлтийн ерөнхий газраас холбогдох шалгалтуудыг хийгээд дүгнэлт гаргасан. АН-ын тамгыг хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Ингээд Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэх эрхийг С.Эрдэнэд олгосон аж. Энэ эрхийн дагуу холбогдох газраар шинэ тамга хийлгэснээр АН-ын үйл ажиллагаа хүчин төгөлдөр болж байгаа талаар олон нийтэд мэдээлж байсан. Тэгэхээр Улсын дээд шүүхэд АН-ын дарга нь С.Эрдэнэ гэж бүртгэсэн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан бүртгэл өнөөдөр хэвээр байгаа. Энэ утгаараа СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг бүртгэх болов уу гэсэн таамаг байгаа.
С.Эрдэнэ “Монгол Улс хуультай улс. Хууль дээдлэх зарчмаар л ажиллана. Би өнөөдөр нэг зүйлийг хэлье. Хууль ёсны эрх бүхий байгууллагаас олгогдсон тамга тэмдэг бүхий бүртгэл бүхий нам нь өнөөдөр төв байрандаа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Манай намын дүрэмд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал байхгүй. Өөрийгөө эрхтэй гээд байгаа нөхөр дээр байгаа тамга хүчингүй болсон. Хүчин төгөлдөр тамгыг албан ёсоор хэрэглэж байгаа. Өнөөдөр банк санхүү, татвар, даатгал, шүүх, прокурор гээд бүх байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн ” гэж тайлбарласан.
Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа тухайн улс төрийн намын эрх бүхий байгууллагын шийдвэр, Улсын дээд шүүх хурлаа хийж, шийдвэрээр өөрчлөлт оруулдаг.
Өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шүүхээр уг асуудлыг хэлэлцэж, хайнааг нь хагалах учиртай. Шүүх хэний ч талд шийдсэн бай улс төрд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжоор хангах ёстой.
Б.САРУУЛ