АНУ-ын Өмнөд Каролина мужид саяхан орчин цагт хүнийг боолчилж, олон жилийн турш хөдөлмөрийг нь мөлжиж байсан этгээдийн шүүх хурал болжээ. Тодруулбал, Конвэй хотын нэгэн рестораны менежэр 56 настай Бобби Пол Эдвардс сэтгэцийн өвчтэй, африк гаралтай эрэгтэй Жон Кристофер Смитийг таван жилийн хугацаанд тогоочоор цалин хөлсгүй албадан ажиллуулсан аж.
Эдварсдын энэ хэрэг анх 2019 онд илчлэгдэж, тухайн үед 10 жилийн хорих ял, 273 мянга ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болж байв. Харин энэ удаагийн шүүх хурал давж заалдах шатны шүүх хурал бөгөөд шүүхээс гэмт этгээдэд ногдуулсан нөхөн төлбөрийн хэмжээг нь хоёр дахин өсгөж, 546 мянган ам.доллар болгосон байна.
Эдвардс хохирогчийн хохирлыг барагдуулалгүй удсан учраас ийнхүү нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэх үндэслэл болсон гэнэ. Смитийн авах ёстой цалин, илүү цагийн хөлс, сэтгэл санааны хохирол зэргийг тооцон энэ нөхөн төлбөрийг гаргажээ.
Хар арьст эр Смит анх 12 настайгаасаа эхлэн “J&J Cafeteria” ресторанд ажиллажээ. Харин 2009 онд Эдвардс уг рестораныг хамаатнаасаа худалдан авснаас хойш Смитийг ямар ч амралтгүй, долоо хоногт 100 цагаар ажиллуулж эхэлсэн байна.Үүгээр ч зогсохгүй түүнийг гэр бүлээс нь тусгаарлан хорьж, байнга зодож, харааж загнадаг байсныг гэрчүүд нотолжээ. Тус ресторанд ажилладаг бэрээсээ Смитийн талаар сонссон нэгэн эмэгтэй анх 2014 онд энэ хэргийг илчилж цагдаад мэдэгдэж байсан аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ