Цар тахал “Netflix”-ийн ашиг, орлогыг огцом өсгөв | News.MN

Цар тахал “Netflix”-ийн ашиг, орлогыг огцом өсгөв

Цар тахал “Netflix”-ийн ашиг, орлогыг огцом өсгөв

Цар тахал “Netflix”-ийн ашиг, орлогыг огцом өсгөв

Дэлхий ертөнц Covid-19-ийн түгжээнээс алгуур мултарч байна. Цар тахлын өмнө үед хүн төрөлхтөн гэртээ хайртай хүмүүстэйгээ өнөөдрийнх шиг олон цагийг хамт өнгөрөөж, дэлгэцийн өмнө саатаж, телевизийн сувгийн дамжуулалтад шимтэж байсангүй.

Хэдийгээр дэлхийн улс орнуудын эдийн засаг саарсан ч технологи, видео стриминг үйлчилгээ чиглэлийн зарим компаниуд Covid-19-ийн хямралыг бодит боломж болгон ашиглаж, борлуулалт, зах зээлийн үнэлгээ, ашиг орлогоо нэмэгдүүлж чадаж буй юм. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа дэлхийн 190 гаруй оронд үйлчилгээгээ нэвтрүүлсэн, видео стриминг үйлчилгээний “Netflix” компанийг онцоллоо.

Дэлхий нийтэд тулгамдаад буй тахлын үед бизнес нь улам бүр тэлж, орлого нь хэдэн зуу дахин нэмэгдээд байгаа компаниар яах аргагүй “Netflix”-ийг нэрлэнэ. Тус компанийн үүсгэн байгуулагч Марк Рандольф “Netflix”-ийг анх концепт санаанаас компани болгон хувиргаж чадсан нэгэн. Тэрбээр тогтмол бизнесийн шинэ санаа гаргадаг, тэр дотор явцгүй санаанууд нь илүү жин дардаг байсан гэдэг. Тухайлбал, тусгай зориулалтын шампунь, бейсболлын цохиур гэх мэт. Гэхдээ тэр олон санаагаа сийрүүлээд, ярилцаж үзээд байхаар дундаас нь нэг шилэгдмэл санаа гарч ирдэг, түүнийгээ түлхүү хөгжүүлдэг хэмээн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. “Netflix”-ийг эхлүүлж байхдаа Марк Рандольф дөнгөж 38 настай байжээ.

“Netflix” видео стриминг үйлчилгээ нэвтрүүлэхээсээ өмнө анх DVD түрээслүүлдэг, худалдаалдаг байсан түүхтэй. Тэр ч байтугай нийт орлогынхоо 90 хувийг DVD борлуулалтаас олж байжээ. Гэхдээ “Netflix”-ийн үүсгэн байгуулагч бусад өрсөлдөгчид нь адилхан DVD зарах нь ойлгомжтойг эрт ойлгосон байна. Тиймээс бизнесийн үндсэн концепт болох контентын зохиогчийн эрх дээр суурилсан түрээсийн бизнесээ голчилж, тэр хүртэл DVD борлуулалт нь зөвхөн түр зуурын орлогын эх үүсвэр болохыг сайтар ухамсарлажээ.

Жилд 20 гаруй тэрбум ам.долларын орлоготой ажилладаг “Netflix” өөрийн гэсэн контентууд бэлтгэж, дэлхийн томоохон сувгуудтай өрсөлдөх болсон нь компанийн хувьд хамгийн том амжилт болсон аж. 2007 оноос “Netflix” олон сонирхолтой кино цацаж, видео үйлчилгээ санал болгож, улмаар контент үйлдвэрлэх бизнест шуурхайлан орж, 2013 оны хоёрдугаар сард анхны "House of Cards" цувралаа гаргажээ.

Цар тахал дэгдсэнээс хойш “Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо 47 хувиар өсчээ. Тухайлбал, Европын улсуудад хөл хорионы дэглэм дөнгөж эхэлсэн буюу нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд “Netflix” компанийн 16 мянган хэрэглэгч шинээр бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тус компани 2000 орчим хүнийг ажилд авчээ. Өнгөрсөн улиралд тус компани дөрвөн сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж чадсан байна.

“Netflix” компани 2021 оны эхний улирлын байдлаар нийт 207 сая 640 мянган хэрэглэгчтэй болжээ. Дээрх хэрэглэгчдийн 35.8 хувийг Америк, Канадын хэрэглэгчид эзэлсэн байна. “Netfix”-ийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн гуравдугаар сард 3.98 саяар нэмэгджээ.

2021 онд тус компани шинэ контент худалдан авах, бүтээхэд 17 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Шинжээчид энэ оны хоёрдугаар улиралд тус компанийн хэрэглэгчдийн тоог 4.4 саяар өснө гэж төсөөлж байсан ч өнөөдрийн байдлаар зөвхөн нэг сая хэрэглэгч нэмэгдэх таамаглал дэвшүүлж байгаа аж. Жилээс жилд “Netflix”-ийн ашиг 139 хувиар өссөн бол борлуулалт нь 24 хувиар нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус компанийн хэрэглэгчдэд хүргэж буй видео зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж, хөрөнгө оруулагчид NFLX-ийн хувьцаа руу хошуурах болсон билээ. Энэ хоёрдугаар улиралд “Netflix” 7.3 тэрбум ам.долларын борлуулалтаас нэгж хувьцаанд ногдох ашгийг 3.16 ам.доллар байна гэж таамаглаж буй аж. Шинжээчдийн хувьд “Netflix” 7.69 тэрбум ам.долларын борлуулалтаас 2.68 ам.долларын ашгийг нэгж хувьцаанаас олно гэж таамагласан байна. Жилийн өмнө “Netflix” нийт 6.15 тэрбум ам.долларын борлуулалтаас нэгж хувьцаанд ногдох ашиг нь 1.59 ам.доллар байжээ.

“Netflix”-ийн хувьцаа өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын ашиг, орлогын тайлангийн маргааш буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр 593.29 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоов. “Wall Street”-ийн шинжээчид тус компанийн чөлөөт мөнгөн гүйлгээ, ашиг орлого сайжирсныг сайшаажээ.

Цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн онд “Netflix” компани “Walt Disney”-г ардаа орхисон. Учир нь “Walt Disney”-н үйл ажиллагаа хумигдаж, хувьцааны ханш нь огцом унаснаар үнэлгээгээрээ “Netflix” өмнө нь бичигдсэн билээ. “Netflix”-ийн хувьцааны ханш өсч, зах зээлийн үнэлгээ нь 158 тэрбум ам.доллар буюу “Disney”-ийнхээс 3.2 тэрбум ам.доллараар өндөр үзүүлэлттэй байв. Covid-19-ийн тархалт эрчимжсэн бүсүүдэд “Netflix”-ийн аппликэйшн таталт огцом нэмэгдсэн талаар “Credit Suisse” мэдээлсэн билээ.

Монгол Улсад "Netflix" 2016 онд нэвтэрч, бидэнд Univision, Skymedia-гийн кино багцаас сонголт хийж, өөрийн дуртай шоу, киногоо үзэх боломж олгосон. Өөрөөр хэлбэл,  бид компьютер, утас, таблетаараа дэлхийн шилдэг кино, телевизийн цувралуудыг нэгэн дороос үзэх боломжтой болсон. Сонирхолтой баримт дурдахад, “Netflix”-ийн хэрэглэгчид өдөрт 125 сая цаг видео үзэж, Монголд нэвтрэхээс өмнө буюу 2015 оны сүүлийн гурван сард 12 тэрбум цагийг зөвхөн “Netflix”-ээс кино, нэвтрүүлэг, шоу үзэхэд зарцуулж байжээ.

“House of Cards”, “Daredevil, “Marco Polo”, “Master of None”, “Blacklist”-ээс эхлэн монголчууд бидний шимтэн үзсэн цувралуудыг бичвэл урт жагсаалт болно.

“Netflix”-ийн гол онцлогоос дурдахад маш сайн баримтат кинонуудтай. Төрөл бүрийн жанрын баримтат кинонууд тус компанийн урдаа барьдаг том контентуудад тооцогддог. Ялангуяа хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн залууст сабтайтл буюу хадмал нь нэмэр болсон нь дамжиггүй юм.

Дэлхий даяар нэг тэрбум өрх суурин интернэтэд холбогдож, гар утсаараа интернэт хэрэглэгчдийн тоо 3.4 тэрбумд хүрчээ. 5G сүлжээ нэвтрэхтэй зэрэгцэн дата хэрэглээ огцом өсч байгаа аж. Энэ тренд цаашид удаан хадгалагдвал видео стриминг үйлчилгээний орлого 2024 он гэхэд “Box Office”-ийнхоос хоёр дахин давах төлөвтэй байгааг шинжээчид мэдээлж буй юм.

Эх сурвалж: BLOOMBERG, INVESTORS, FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-04 192.82.84.213

https://www.youtube.com/watch?v=xDtkYh7QdZA

Avatar

Зочин 2021-05-04 66.181.184.63

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг идэвхтэй хэрэглэгч гсн, сайхан амьдарч бг шүү

Avatar

Зочин 2021-05-04 202.21.113.238

manai ORI yasan bol ?

Avatar

Зочин 2021-05-04 202.131.225.197

barimtat bolon bolson yavdlaas sedevlesen kinonuud ni super!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж