Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын талаар цаг үеийн ээлжит /2021.05.04/ мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 24 цагт 1015 хүнээс Covid-19 илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 40396 боллоо. Үүнийг задалбал, дотоодод 998 тохиолдол / эмч эмнэлгийн нэг ажилтан/, зөөвөрлөгдсөн 16 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Улаанбаатарт 895, орон нутагт 103 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлуудын тухайд, дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн Энэтхэг улсын иргэдээс хоёр дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарч, онош батлагджээ. Батлагдсан тохиолдлууд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа аж.
ӨЧИГДӨР ДОЛООН ХҮН НАС БАРЖ, 1401 ХҮН ЭДГЭЖЭЭ
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн тухайд халдварын нэн хүнд хэлбэрээр өчигдөр долоон хүн нас барсан байна. Тодруулбал,
- Дөрөвдүгээр сарын 10-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 10-нд онош батлагдсан 80 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдсан 69 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдсан 57 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 24-нд онош батлагдсан 66 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 25-нд онош батлагдсан 80 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 30-нд онош батлагдсан 71 настай эмэгтэй
Түүнчлэн Covid-19 халдварын онош нь батлагдсан ч өөр бусад өвчний шалтгаанаар нэг хүн нас баржээ. Тухайн хүн нь дөрөвдүгээр сарын 26-нд PCR шинжилгээний хариу нь эерэг гарч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа бөөрний архаг дутагдлын улмаас нас барсан байна.
Мөн батлагдсан тохиолдлуудаас сүүлийн 24 цагт 1401 хүн эдгэж эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ. Үүнийг задалбал, эмнэлгээс 410, гэрийн хяналтаас 983 хүн тус тус эмчийн бичигтэй гарчээ. Гэхдээ Covid-19 халдварт өртөж эдгэсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхах, зай барих хандлага ажиглагдах болжээ. Эдгэсэн хүмүүсийн тухайд энгийн амьдралдаа орох боломжтой тул бусдыг ялгаварлан гадуурхахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулав.
ӨМНӨГОВЬД COVID-19 ХАЛДВАРЫН 10 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ
Орон нутагт өчигдөр Covid-19 халдварын 103 тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг аймгаар нь задалбал,
- Дархан-Уул-14
- Орхон-21
- Сэлэнгэ-4
- Хэнтий-3
- Сүхбаатар-2
- Говьсүмбэр-4
- Дорноговь-2
- Өмнөговь-10
- Өвөрхангай-3
- Хөвсгөл-1
- Завхан-23
- Говь-Алтай-13
- Ховд-3 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Сүүлийн үед Завхан, Говь-Алтай аймагт Covid-19 халдвар өвчлөл их бүртгэгдсэн хэвээр байна. Өнөөдрийн байдлаар 4869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн ажиглалтад 8214 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй батлагдсан тохиолдлуудын 2717 нь биеийн байдал хөнгөн байгаа бол 486 хүн хүнд, маш хүнд 121 хүн байна. Өчигдөр 387 хүнийг эмнэлэгт шилжүүлж, гэрийн ажиглалтад 683 хүн оржээ.
"ХАЛДВАРЫН ХӨНГӨН ХЭЛБЭРТ ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ ШААРДЛАГАГҮЙ"
Гэрээр хөнгөн эмчлүүлж буй хүмүүст эмчилгээний багц шаардлагагүй Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын онош нь батлагдаж гэрээр эмчлүүлж буй хүмүүст эмчилгээний багцтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
ЭМЯ-НЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХ:
-Гэрээр эмчлүүлж буй хүмүүст эрсдэлт бүлэгт дархлаа сайжруулах бэлдмэл, вирусийн эсрэг бэлдмэлийг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгож байна. Эмчилгээний багцыг олгохдоо өрхийн эмч тухайн хүмүүсийн биеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгээс хамаарч өгөх юм байна. Өөрөөр хэлбэл, хүн бүрт эмчилгээний багц өгнө гэсэн үг биш. Хөнгөн хэлбэрт эмчилгээний багц шаардлагагүй гэж үзэж байгаа. Хөнгөн эмчилгээний заавар журамд, шингэн зүйл сайн уух, дархлаа дэмжих, эмчийн хяналтад байх хэрэгтэй. Эмнэлзүйн хөнгөн шинж тэмдэгтэй мөртлөө хүндрэх тохиолдол байгаа тул эмчтэйгээ холбоотой байх хэрэгтэй. Халдварын онош нь хөнгөн батлагдсан иргэд вирусийн эсрэг эмийг эмчийн заавраар ууна.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Monday, May 3, 2021
Холбоотой мэдээ