Монгобанкнаас мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сард улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ дөрвөн тэрбум 774 сая ам.доллар болсноор шинэ дээд түвшинд хүрчээ. Гадаад валютын нөөц өмнөх сараас 5.8 хувиар, жилийн дүнгээр 16.62 хувиар өссөн байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.доллар буюу дээд түвшинд хүрч, импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч байв. Гадаад валютаар илэрхийлэгдэх нөөц өмнөх сараас 3.7 хувиар өсч, 4.1 тэрбум ам.доллар болжээ.
Нийт хадгаламжийн хэмжээ өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 28.7 хувиар өсч, 18.5 их наяд төгрөг болсон байна. Үүнээс 23.6 хувийг нь гадаад валютын хадгаламж эзэлж байгаа аж. Гадаад валютын хадгаламж жилийн дүнгээр 18.7 хувиар өсч, 4.4 их наяд төгрөг болжээ.
Валютын нөөцийн хэмжээ өсч байгаа нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хадгалах, дунд хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэхэд эерэг нөлөөтэй гэж үзэж байна. Мөн зээлжих зэрэглэл тогтвортой хадгалагдах, өсөхөд нөлөөлөх юм.
Холбоотой мэдээ