Орос, Барууны харилцаа доод түвшинд хүрч байна

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

Орос, Барууны харилцаа доод түвшинд хүрч байна

Орос, Барууны харилцаа доод түвшинд хүрч байна

Дэлхийн арав орчим улс нууц үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросын дипломат ажилтнуудыг хөөжээ. Урьдчилан тохиролцсон мэт энэ алхам нь 2018 онд Оросын экс тагнуул Сергей Скрипалийг Их Британид хордуулснаас хойш Орос, Барууны орнуудын харилцааг хамгийн доод түвшинд аваачив.

Өнгөрсөн Пүрэв гаригт /2021.04.29/ Болгар улс 2011-2020 оны хооронд зэвсгийн агуулахуудад болсон дөрвөн дэлбэрэлттэй холбоотой байж магадгүй гэх шалтгаанаар Оросын элчин сайдын яамны ажилтнуудыг мөрдөн шалгаж, нэг ажилтныг нь хөөсөн байна.

Үүнээс нэг хоногийн өмнө Орос улс Словак болон Балтийн гурван мужийн нийт долоон дипломат ажилтныг “Persona non grata” буюу “тааламжгүй этгээд” хэмээн мэдэгдэж, хүлээн авахаас татгалзсан юм. Мөн Румын, Польш улсууд Оросын дипломат ажилтнуудыг “ачаа тээшээ аваад явах”-ыг хүссэн Чех улс ч мөн үүнд нэгдсэн билээ. Варшавын гэрээнд хамрагдаж байсан улсууд өнгөрсөн үеэсээ болж Оростой хүчтэй холбоотой хэвээр байгаа ч ирээдүйд Оросоос зайгаа барих болно гэж шинжээчид үзжээ.

Дөрөвдүгээр сарын дундуур Чехийн Засгийн газар 2014 онд зэвсгийн агуулахуудад дэлбэрэлт болж, хоёр хүн амиа алдсан хэрэгт Оросын ажилтнууд буруутай гэж зарласан. Болгараар дамжин Украин руу зэвсэг нийлүүлэх явцыг зогсоох зорилгоор ОХУ дээрх халдлагыг зохион байгуулсан гэж үзсэн байна. Тиймээс Чехийн эрх баригчид Оросын 18 дипломат ажилтныг хөөжээ.

Орос улс үүнийг эрс няцааж, эргээд Чехийн элчин сайдын яамны 20 ажилчныг хөөсөн. Эцэст нь хоёр талууд элчин сайдын яамдууддаа ижил тооны ажилтан ажиллуулахаар тохиролцов. Энэ нь Орос улс Прага дахь элчин сайдын яамныхаа 60 дипломатчийг эргүүлэн татах ёстой гэсэн үг юм.

Үүнээс хэд хоногийн өмнө АНУ 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд хөндлөнгөөс оролцож, сонгуулийн үр дүнг хакердахыг оролдсон хэмээн буруутгаж, Оросын 10 дипломатчийг хөөнө гэж мэдэгдсэн. Москва мөн л үүнийг маш эмзэгээр хүлээн авч, адилхан хариу барихаа мэдэгдсэн билээ.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Путин руу хатуу үг “чулуудсан” нь хоёр улсын харилцааг улам бүр хурцатгаж орхисон. Орос улс Вашингтонд суугаа элчин сайд Анатолий Антоновыг эргүүлэн татаж, АНУ-ыг ч мөн элчин сайдаа эгүүлэн татахыг шаардсан.

Орос дахь АНУ-ын элчин сайдын яам тавдугаар сарын дунд үеэс эхлэн виз олгохоо зогсооно гэж мэдэгдсэн нь байдлыг бүр ч хүндрүүлсэн. АНУ болон ОХУ-ын харилцаа холбоонд харилцан хүндлэл байхгүйн улмаас нөхцөл байдал "Хүйтэн дайн"-ы үеэс ч дор болсон гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан мэдэгдсэн байна. Москвагийн талаас Вашингтонтой харилцаагаа хэвийн болгоход бэлэн байгаа хэдий ч АНУ холбоотнуудаа Оросын эсрэг босгох гэж оролдохоо зогсоох хэрэгтэй гэв.

АНУ-аас өмнө гуравдугаар сарын сүүлчээр Италид цэргийн тагнуул хийсэн хэргээр буруутгагдсан Оросын хоёр дипломатч мөн хөөгдсөн. Орос хариуд нь бас нэг итали хүнийг эх орон руу нь буцаажээ.

Олон шинжээчид ийм нөхцөл байдал хэзээ мөдгүй болох л байсан гэдэгт эргэлзээгүйгээ илэрхийлжээ. Украин дахь АНУ-ын дипломат ажилтан асан, одоо Стэнфордын их сургуульд багшилж байгаа Стивен Пайфер 2014 оны зэвсгийн агуулахын дэлбэрэлтийг Чехийн эрх баригчид сайтар шалгасан гэв.  Дэлбэрэлтүүдийн ард байсан Оросын агентууд Их Британид Сергей Скрипаль болон түүний охиныг хордуулсан хүмүүс мөн болохыг ч Чехийн тал мэдэгдсэн. Зэвсгийн агуулахын халдлагыг бусад олон оронд "дайны ажиллагаа" гэж үзэх хэмжээний хэрэг гэдгийг Пифер хэлэв.

Украин, Шведэд Германы Элчин сайдаар ажиллаж байсан Ханс-Юрген Хеймсоэт “Герман ч мөн ОХУ-тай харилцаа холбоо олон жилийн турш муудаж байна. Намайг 1980-аад оны үед Москвад Баруун Германы дипломатчаар ажиллаж байх үед бусад улс орнууд  тагнуул хийсэн Оросын дипломат ажилтнуудыг хөөсөн тохиолдол цөөнгүй байсан. Гэхдээ өдгөө энэ явдал бүр ч гаарч байна. Эдгээрийн дотроос Скрипаль, Навальный нарын хэргүүд, Оросын ташаа мэдээлэл сурталчилгааны кампанит ажил, гадаад сонгуульд хөндлөнгөөс оролцож, олон улсын хууль тогтоомж зөрчих явдал улам нэмэгдэж байна. Оросын дипломат ажилтнуудыг хөөж гаргах нь Өрнөдийнхөн Оросын талыг анхааралтай ажиглаж байгаа шүү гэсэн дохио юм” гэв.

 Эх сурвалж: DW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж