2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хоёр дэвшигч өрсөлдөж байгаа. Тус нам хоёр даргатай учраас хоёр талаасаа С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Ардчилсан намын нэр дэвшигч С.Эрдэнэд сошиал хуудсаараа дамжуулж амжилт хүссэн бөгөөд түүний эсрэг Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас мэдэгдэл хүргүүлжээ. Ингэхдээ энэхүү мэдэгдлээ МАН-ын Удирдах зөвлөлд хэмээн хаягласан байна.
Тус мэдэгдэлд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хүрэлбаатар “Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж дууслаа. МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвшихээр болжээ. Монгол төрийн тэргүүний хариуцлагатай сонгуульд нэр дэвшиж байгаа та бүгдэд амжилт хүсэе” гэж өөрийн цахим хуудсанд нийтэлсэн. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүний хариуцлагатай албан тушаалтны олон нийтийн сүлжээнд тавьсан энэхүү худал мэдээлэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийн оролдсон, хараат бус бие даасан байдалд нөлөөлөх гэсэн оролдлого гэж бид үзэж байна. МАН-ын Удирдах зөвлөл гишүүнээрээ дамжуулж АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэмээн үзэж байгаагаа албан бичгээрээ дамжуулжээ.
Харин үүнд нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “АН-ы УЗ-ээс намайг тэдний дотоод асуудалд оролцлоо гэж. Уучлаарай хэн нэгэнд сонгуульд нь амжилт хүсч болохоо больсон цаг уу. Над дээр долоон удаа хориг тавьдагтайгаа адилхан дарамталж байгаад надаар Н.Алтанхуягт хүчээр амжилт хүсүүлэх гэж байгаа бол яршиг л байна. Бага доромжлоорой. Эдийн засгийн алуурчинд амжилт хүсдэг эргүү нь би биш. Харин С.Эрдэнэ бол 2019 оноос хойш дарангуйллын эсрэг, ардчиллыг хамгаалан АН-аас бараг ганцаараа дуугарч ирснийг нь би мэднэ. Тийм учраас би түүнд хүндэтгэлтэй ханддаг, амжилт хүссэн. Хэнд амжилт хүсэхээ би өөрөө мэдье” хэмээн хатуухан хариу өгчээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ