"ЭЕШ өгөх хүүхдүүд шинжилгээ өгөх талаар УОК-оос чиглэл өгөөгүй"

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

"ЭЕШ өгөх хүүхдүүд шинжилгээ өгөх талаар УОК-оос чиглэл өгөөгүй"

Улсын хэмжээнд 35 мянга орчим сурагч арван хоёрдугаар анги төгсөх албан ёсны статистик тоо бий. Үүний 15166 нь Улаанбаатар хотод суралцаж байгаа юм. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосон. Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл хаагдахад нэг хоног үлдээд байна. Тэгвэл ЭЕШ-ын бүртгэл, бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.


-Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл маргааш хаагдана. Одоогийн байдлаар хэчнээн төгсөгч шалгалтад бүртгүүлсэн бэ?

-Одоогийн байдлаар 41400 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар хандсан байна. Үүний 38 мянга орчим нь элсэлтийн шалгалтын бүртгэлээ бүрэн хийж, баталгаажуулсан. Харин 3500 орчим хүүхэд бүртгэлээ баталгаажуулаагүй байгаа юм. Тус бүртгэлээ баталгаажуулаагүй хүүхдүүдийн гар утсанд мэдээлэл хүргүүлсэн байгаа.

Нэг хоногийн дараа 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл албан ёсоор хаагдах учраас эдгээр хүүхдүүд үлдсэн хугацаанд бүртгэлээ яаралтай баталгаажуулах хэрэгтэй.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил эхэлсэн үү?

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулахаар болсон. Шалгалтын бүртгэл дууссаны дараа зохион байгуулахтай холбоотой бусад бэлтгэл ажлыг хийж эхэлнэ. Тухайлбал, суудлын хуваарийг гаргах, шалгалтын байруудыг бэлдэх, шалгалтын сэдэв материал бэлтгэх гэх мэт ажлуудыг хийж эхлэх юм.

Шалгалтын сэдэв, даалгавар боловсруулах ажлыг ирэх зургадугаар сард хийнэ. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажил үргэлжилж байгаа.

-Энэ жил заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Монгол, хэл бичгийн шалгалтыг Засгийн газрын тушаалаар зохион байгуулдаг. Одоогийн байдлаар Засгийн газраас уг шалгалтыг хэрхэн зохион байгуулахтай холбоотой гаргасан тушаал шийдвэр манайд ирээгүй байна. Боловсролын үнэлгээний төвөөс монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулахтай холбоотой саналаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн.

-Энэ жилийн Элсэлтийн шалгалтыг цар тахлын үед зохион байгуулна. Тиймээс шалгалт өгөх хүүхдүүд Covid-19-ийн шинжилгээ хийлгэх үү. Шалгалтын байруудад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах вэ?

-Шалгалт өгөх хүүхдүүд шинжилгээ өгөх эсэх талаар УОК-оос ямар нэгэн чиглэл ирүүлээгүй байна. Өмнөх жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг мөн адил хөл хорио, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед зохион явуулсан. Үүний дагуу энэ жил ч мөн адил зохицуулалтыг хийнэ. Тухайлбал, нэг ангид суух хүүхдийн тоог цөөн болгох, ширээ хоорондын зайг 1.5-2 метр байлгана.

Улсын хэмжээнд энэ жил 100 шалгалтын байранд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар болж байгаа. Нэг ангид 15-аас дээш хүүхэд суулгахгүй байхаар зохицуулалт хийх юм. Өнгөрсөн жил 85 хичээлийн байранд шалгалтыг авсан. Шалгалтын байрын тоог нэмэгдүүлснээр эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг илүү сахих боломжтой болж байгаа юм.

Шалгалт өгөх хүүхдүүд болон хянагч багш нар, шалгалтын комиссын ажилтнуудыг амны хаалт хэрэглэх, бээлий өмсөх, анги танхимд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг үйл ажиллагааны технологийг боловсруулсан байгаа. Хянагч багш нар болон шалгалтын комисст тодорхой сургалтыг зохион байгуулна. Мөн аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн байцаагч нарын оролцоотойгоор ажиллана.

-Төгсөгчдөд шалгалтад бэлдэх жишиг материалыг хэрхэн хүргэж ажиллаж байгаа вэ?

-Боловсролын үнэлгээний төвөөс http://itembank.eec.mn/ гэх даалгаврын сангийн программ ашиглалтад оруулсан. Уг санд 2017-2020 оны элсэлтийн шалгалтын материалыг оруулсан байгаа. Ойрын өдрүүдэд 2006-2016 оны даалгавруудыг шивж оруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. Тавдугаар сарын хагас гэхэд уг сан бүрэн хэрэглээнд нэвтэрч, хүүхдүүд шалгалтдаа бэлдэх бүрэн боломжтой болох юм.

Мөн эцсийн шалгалтад бэлдэж байгаа хүүхдүүдэд зориулсан http://help.eec.mn/ систем ашиглалтад орсон байгаа. Уг системд өнгөрсөн жилийн даалгавар тус бүрийн бодолт, тайлбарын хамт байршсан. Түүнчлэн хүнд хэлбэрийн даалгавруудыг тайлбарласан мэргэжлийн багш нарын зөвлөмжийг видео хэлбэрээр байршуулсан. Уг системд хандахад дата шаардахгүй учраас хүүхдүүд хүссэн үедээ хандаж хичээл, даалгавартай танилцах бүрэн боломжтой.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусах гэж байгаатай холбогдуулан сурагчдад хэлж сануулах зүйл бий юу?

-Бүртгэлээ баталгаажуулаагүй хүүхдүүд маргаашдаа багтаан баталгаажуулах хэрэгтэй байна. Эдгээр хүүхдүүд нь хувийн мэдээллээ оруулсан боловч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй, төлбөрөө хийгээгүй байгаа юм. Гэхдээ бүртгэлээ баталгаажуулаагүй хүүхдүүд бүгд энэ мэт шалтгаантай биш.

Зарим нь шалгалт өгөхгүйгээр шийдсэн хүүхдүүд ч бий. Боловсролын үнэлгээний төв рүү шалгалт өгөхгүй хэмээн шийдэж, бүртгэлээ цуцлуулж буй тохиолдол өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдсэн. Бүртгэлээ баталгаажуулаагүй тохиолдолд тавдугаар сарын 5-наас хойш нэмэлт бүртгэл явуулахгүй, дахин сунгахгүй болохыг анхааруулъя.  

 Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж