Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан монгол хэл бичгийн талаар баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаар Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын монгол хэл бичиг, утга соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах мэргэжилтэн, доктор (Ph.D) Т.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Үндэсний монгол хэл, бичгийн өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан ямар ажлуудыг төлөвлөөд байна вэ?
-Юуны түрүүнд News.mn сайтын уншигчдадаа Үндэсний бичиг үсгийн баярын мэнд хүргэе. Монгол Улсын хэмжээнд жилд эх хэлтэй холбоотой тэмдэглэлт өдрүүд гурван удаа тохиодог. Үүний нэг нь улс даяар тэмдэглэдэг баярын өдөр бол Үндэсний бичиг үсгийн баяр юм. Өнгөрөгч 2003 онд гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гаригийг Үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон тэмдэглэсээр 18 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд өмнөх тэмдэглэлт өдрүүдээс арай өөр хэлбэрээр зохион байгуулах шаардлага үүссэнийг та бүхэн мэдэж байгаа.
Түүхэн нөхцөл талаасаа аваад үзвэл соёлын бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай болсон, нийгмийн байдал талаас аваад үзвэл, цар тахлын хатуу хөл хорионы үед зохион байгуулах болсон гээд олон олон үйл явдал зэрэгцсэн. Энэ арга хэмжээг харьяа байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран цахимаар зохион байгуулж, “Үндэсний бичиг үсэг-Монгол соёлын үнэт өв” уриан дор тэмдэглэж байна.
-Монголчууд түүхэн цаг хугацаанд хэчнээн төрлийн бичиг үсэг хэрэглэж ирсэн бол?
-Бидний өвөг дээдэс үүсэн бий болсон цагаасаа аваад өнөөдрийг хүртэл 10 гаруй бичиг үсгийг авч хэрэглэсэн түүхтэй. Бичиг үсэг сольж байсан үе цаг бүрийг авч үзвэл шинэ улсаа байгуулж, тусгаар тогтнолоо бэхжүүлэхтэй холбоотой байдаг. Эндээс үзэх юм бол бичиг үсэг гэдэг тухайн улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, үндэстний дархлаа зэрэг олон асуудлын гол гогцоо зангилаа цэг болох нь тодорхой харагдана. Иймээс энэ жилийн баярын өдрийн уриагаа ““Үндэсний бичиг үсэг-Монгол соёлын үнэт өв” хэмээх нэрийн дор зохион байгуулж, эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг олон нийтэд төлөвшүүлж, бичиг соёлын дурсгалаа сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор 2021 оны тавдугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Арга хэмжээ нь Соёлын яам болон Шинжлэх ухааны академи, Үндэсний номын сан, Соёл, урлагийн газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, есөн дүүрэг, 21 аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, Үндэсний болон нийтийн номын сан, соёлын байгууллага, бүх шатны боловсролын байгууллагуудын цахим хуудас болон пэйж хуудсаар олон нийтэд хүрнэ.
Мөн хөтөлбөрийн хүрээнд, “Ном цом” гардуулах зэрэг уламжлалт үйл ажиллагаанууд байхаас гадна соёлын баримтат өвийн танилцуулга, хадгалалт хамгаалалтын сургалт, Цогт хун тайжийн үлдээсэн бичгийн дурсгалын тухай цахим хэлэлцүүлэг, мөн бүх нийтийн бичиг үсгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхийг, бичиг үсэг бүрээр нь эрдэм шинжилгээний хялбаршуулсан найруулгатайгаар танилцуулах шинжлэх ухаан-танин мэдэхүйн цувралыг өдөр бүр хүргэж байна. Энэ бүхэн нь цар тахлын хөл хорионы үед эх хэл, түүх соёлын үнэт өвөөр мэдлэг оюунаа тэлэн, эерэг уур амьсгалыг гэртээ бүрдүүлж, “Бүтээлч бичигтэн”, “Яруу найргийн цахим уншлага” зэрэг цахим арга хэмжээнд гэр бүлээрээ оролцож, цагийг үр дүнтэй, бүтээлчээр өнгөрүүлэх боломжийг олгож байгаа билээ.
-Ирэх 2025 онд монгол бичигтэн болох зорилтыг тавьсан. Монгол бичгийг хөгжүүлж, дэлгэрүүлэхэд ямар бодлого баримталж байна вэ?
-Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд монгол бичгийн үндэсний хөтөлбөр III, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусган Соёлын яаманд үүрэг болгон өгсөн ажлуудыг ерөнхийд нь авч үзвэл, иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, бүх нийтээрээ 2025 онд “Хос бичигтэн болох”-д шаардлагатай “Монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэн, биелэлтийг нь хангаж ажиллахыг үүрэгжүүлсэн байдаг.
Иймээс бидний ажиллах гол талбар бол нийгэмд чиглэж, боловсролын байгууллагаар олгож буй суурь боловсролын түвшнийг нэмэгдүүлэн улам сайжруулж, хэл бичгийн боловсролыг иргэн бүрд, нас насныханд тэгш хүртээмжтэйгээр олгож, бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх асуудал юм.
Тодруулбал, бүх нийтийн эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх, эх хэл, соёлоороо бахархан дээдэлдэг монгол хүний тоог нэмэгдүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдэлж, хүндэтгэн үзэх үзлийг хүн бүрд улам бүр төлөвшүүлэх явдал болно. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагаас олж авч эзэмшсэн мэдлэгийг нь баталгаажуулан, шаардлагатай нэмэлт мэдээллийг хүргэн ажиллах асуудлыг голлон хариуцаж байна. Хүн бүрийн мэдлэг эзэмшсэн арга зам өөр учраас хүн бүрийн эх хэлний боловсролын түвшин өөр байдаг. Иймээс, аль болох иргэн бүрийн энэ асуудлыг шийдвэрлэн эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх асуудлыг л ярьж байна даа. Хүн бүрийн асуудлыг шийдвэрлэх боломж өнөөдөртөө байхгүй учраас бүлэг бүлгээр нь, нас насаар нь шийдвэрлэх гарц юу байна хэмээн судлан эрэлхийлж ажлаа эхэлж байна.
Шинэ тутам байгуулагдсан яам учраас судлах, суралцах, хийх зүйл их байна. Аль болох алдаа багатай, үр дүнтэй гарц гаргалгаа олохыг хичээж байна. Мөн түүнчлэн олон нийт ашиглах боломжтой орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан монгол бичгээ сурах боломжийг бүрдүүлэх нь чухал. Иймд энэ чиглэлд ихээхэн анхаарч ажиллана. Нөгөө талаас, ажлын маань ихэнх үр дүн нь хөтөлбөрийн зорилттой уялдаад нийгэмд чиглэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах ажил учраас хөрөнгө мөнгө нэлээн шаардана. Ерөнхийд нь багцалж хэлбэл, 2021 оныг “Толь бичиг ашиглан монгол бичгээрээ бичиж сурах”, 2022 оныг “Цахим бичвэрээ монгол бичгээр бичиж сурах”, 2023-2024 онуудад дадал болгон хэвшүүлэх ажилд чиглэсэн ажил хэрэгжүүлэх бодлого барьж байгаа. Ингэснээр 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих хуулийн биелэлт тодорхой хэмжээгээр хангагдсан байна гэж үзэж байна.
-Монгол бичгээр төрийн хэргийг хөтлөх тухай асуудал бүрэн хэрэгжиж чадаж байгаа юу?
-Хөтөлбөрийн хүрээнд “Төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхлэх” хэмээн заасан. Тиймээс байгууллагынхаа хэмжээнд монгол бичиг сурах сарын аян өрнүүлэх, “Хүмүн бичиг” сонин захиалан авч унших гэх мэт арга хэмжээнүүдийг бол тодорхой хэмжээгээр зохион байгуулж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Статистикийн ерөнхий газартай хамтран орон даяар төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшин тогтоох судалгааг авч эхэллээ.
Энэ судалгааны үр дүнгээс их тодорхой харагдана гэсэн хүлээлт мэргэжлийн хүний хувьд бол байна. Төрийн албан хаагчдадаа хэлэхэд, судалгаандаа идэвхтэй хамрагдаарай. Судалгаа болохоос шалгалт биш шүү. Тиймээс судалгаагаа үнэн зөв, бодитой бөглөхийг хүсье.
-Монголчууд одоо монгол бичгийг хэр өргөн хэрэглэж байна вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?
-Дээр дурдсан судалгааны үр дүн гарвал өргөн хэмжээний бүрэн судалгаа гарлаа гэж хэлж болно. Гэхдээ энэ бол зөвхөн төрийн албан хаагчдын хүрээнд, бүх нийт буюу иргэдийг хамарсан судалгаа бол хийгдээгүй байна. Судлаачдын судалгааныхаа зорилго, зорилтоос шалтгаалан хийсэн хэсэг бусад судалгаа бол байдаг. Ойрмогхон хийсэн нэгэн судалгааг энд онцлоход, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан Б.Баяртуяа, Ц.Батдорж нар “Монгол бичгийн талаарх нийгмийн гишүүдийн хандлага”-ыг түүврийн аргаар судалсан байна. Энэ судалгаанд оролцсон оюутнуудын 92.6 хувь, албан хаагчдын 93 хувь нь монгол бичгийг өдөр тутмын харилцаандаа хэрэглэдэггүй гэжээ.
Эндээс үзэхэд монгол бичгийг нийгмийн амьдралд зайлшгүй хэрэглэх орчин бүрдээгүй. Өөрөөр хэлбэл бид өдөр тутмын амьдралдаа монгол бичиг хэрэглэх хэрэгцээ шаардлага байхгүй байгаа нь харагдаж байна. Хэрэгцээгүй байхад хэн ч үүнийг сонирхож, цагаа зарахгүй нь өнөөгийн нийгмийн үнэн бодит байдал. Иймд хэрэгцээ бий болгох үндсэн хөшүүрэг эрх зүйн орчин нь 2025 онд хос бичигтэнд шилжихийг хуульчилсан үйл явц юм.
Энэ бол зөвхөн хуулийн заалт, үүнийг бодит хөрсөнд буулгаж хэрэгжүүлэхийн тулд дагалдах хөшүүргийг нийгэмд бий болгож эрэлт үүсгэх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл ийм хөшүүрэг нь юу бэ гэдгийг мэргэжлийн болон бусад холбогдох байгууллагуудтайгаа хамтран ажиллаж гаргах, монгол бичгийн сургалт, судалгаа эрхэлдэг, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаа бодлогоор дэмжих, тус бодлогыг тусгасан эрх зүйн орчныг бүрдүүлэх гэх мэт олон ажил хийхээр төлөвлөж, хамтран ажиллаж байна.
–Дэлхий ертөнц даяаршиж байгаатай холбоотойгоор монгол хэлнээ гадаад үг хэллэг маш их орж ирж байна. Монгол хэлний дархлааг сайжруулахад юуг анхаарах вэ?
-Монгол хэл бол угаасаа маш сайн дархлаатай хэл. Өөрөөр хэлбэл, өдий олон жил оршин тогтнож ирсэн, зарим судлаачдын үзэхээр бараг хүн төрөлхтний үүсэл гарлын нэг өлгий ч байх магадлалтай гэж яригддаг. Монгол Улсын тухайд хэлний дархлаа харьцангуй сайтай. Ингэж хэлж буйгийн учир нь аливаа хэлний дархлаа суларсан эсэхийг, мөхөж буй хэлэнд орох эсэхийг тодорхойлдог ЮНЕСКО-гийн шалгуур үзүүлэлтүүд байдаг. Нэлээд олон үзүүлэлт бий.
Тэдгээрээс үзэхэд, хэлний дархлааг илэрхийлэн хадгалагч нь тухайн хэлээр хэлэлцэж яригч ард түмэн байдаг. Нөгөө талаас нутгийн аялгуу нь хэлний дархлааг хамгаалах нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болж байдаг. Иймээс яамны дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөнд нутгийн аялгуу болон бичиг үсгийн дурсгал, хүүхдийн үгийн сангийн баялгийг тодорхойлох нэгдсэн “Мэдээллийн сан” бүрдүүлэх ажлыг тусган үе шаттайгаар хийж эхлээд явж байна.
Энэ жилийн хувьд дээр дурдсан ажлын хүрээнд “Монгол хүүхдийн үгийн сангийн нөөц”-ийг тодорхойлох судалгааны ажилдаа илүү их анхаарал хандуулж байна. Тодруулбал, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон үг хэллэгийн сан бүрдүүлж, сургуульд орох насны монгол хүүхдийн заавал мэдвэл зохих үгсийн бүртгэл, жагсаалтыг гаргах юм. Цаашид бага, дунд, ахлах анги гэх мэтээр шат дараалан гаргах болно. Энэ нь хүүхдэд зориулсан бүхий л үйл ажиллагаанд улсын хэмжээнд баримтлах нэгдсэн суурь эх хэрэглэгдэхүүнтэй болох, цаашлаад тухайн үгийн сангийн хүрээнд СӨБ-ын багш нар хүүхдэд мэдлэг олгох үйл ажиллагаагаа явуулах, ороогүй үгсийг нэмэлтээр тайлбарлан хүүхдийн үгийн сангийн баялгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх гээд их олон ажлын суурь болно гэж харж байгаа.
Холбоотой мэдээ