Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2021 оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн.
Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг 2000 гаруй иргэн байгааг тогтоожээ. Эдгээр айл өрхүүдээс аюулын зэргээр нь өндөртэй гэж үнэлсэн 200 гаруй өрх байгаа аж. Хөл хориотой холбоотойгоор хяналтанд авсан хүмүүсийн гурван тохиолдол нь дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байна. Тэдгээрт эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгааг албаныхан онцолсон.
НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Он гарсаар 60 гаруй хүн түр хамгаалах байранд байрласаны 37 нь хүүхэд байсан. Хүүхдүүдийн хувьд тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Өсвөр насны хүүхэд тэр дундаа бага насны хүүхэд үр хөндөлт яригдаж байгаа гэдэг нь нуугдмал гэмт хэрэг байгааг үгүйсгэх аргагүй. Шаардлагатай мэдээ, мэдээлэл орж ирсэн тохиолдолд хаалттай хаалганы цаана хүчирхийлэлд өртчихөөд явж байж болзошгүй гэдэг үндсэн дээр хуулийн дагуу шалгахаас өөр арга байдаггүй. Хөл хориотой холбоотойгоор эхний нэг сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тоон үзүүлэлтүүд буурдаг. Тэгээд 30-аас дээш хоногт гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа хүүхдийн хүчирхийлэл өсөх хандлагатай байдаг” гэсэн юм.
Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгдэж байж болзошгүй юм. Иймд иргэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гэмт үйлдлийг таслан зогсооход хувь нэмэр оруулах шаардлага байна. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу үнэ төлбөргүй мэссэж илгээх, мэдээлэл өгөх боломжтой.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ