Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн “BJP” нам өнгөрсөн долоо хоногт болсон орон нутгийн сонгуульд тус улсын гол муж болох баруун Бенгалд ялагдал хүлээжээ. Тус улсын хувьд өдгөө дэлхийн аль ч улсаас илүү цар тахалд нэрвэгдээд байгаа юм. Эрх баригч “BJP” нам Баруун Бенгалд сонгуулийн кампанит ажлаа идэвхтэй явуулсан боловч тус мужийн одоогийн тэргүүн сайд Мамата Банержигийн нам дийлэнх олонхын суудал аваад байна. Тэрбээр Нарендра Модиг хүчтэй шүүмжлэгч юм.
Сүүлийн 10 хоног дараалан Covid-19 халдварын тохиолдол 300 мянгаас буугаагүй бол хамгийн сүүлд нэг хоногт бүртгэгдсэн халдварын тоо 400 мянга давжээ. Мөн нас баралт өдөрт 3600 орчим бүртгэгдэж байгаа юм.
Гэтэл ийм үед эрх баригч нам цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авалгүй, сонгуулийн сурталчилгаандаа илүү анхаарал хандуулж, элдэв цугларалт, жагсаал цуглаан зохион байгуулсан нь халдвар нэмэгдэх үндэс болсон хэмээн иргэд нь шүүмжилж байна. Ийм ч учраас энэ удаагийн орон нутгийн сонгуульд маш чухал тойрог болох Бенгал мужид ялагдал хүлээсэн гэж ажиглагчид үзэж байна.
Энэтхэг улсын эрүүл мэндийн систем цар тахлын давалгааны өмнө сөхөрч, эмнэлгүүд нь оргүй болж, хүчилтөрөгчийн нөөц ч дуусаад байна. Улмаар цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхээ байж иргэд нь нас барагсдыгаа гудамжинд мод овоолон шатааж буй дүр зураг дэлхий нийтийг цочроогоод байгаа юм. Түүнчлэн вакцины дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа учир гадагшаа вакцин экспортлохоо зогсоогоод байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ