Хятадын "Синофарм" группын вакциныг хангалттай нөөцөлсөн тул хоёр дахь тун хойшлох асуудал үүсэхгүй ажээ.
Энэ сарын 1-нд ОХУ-аас "Спутник-V" вакцины 40 мянган тун (20 мянга нь улсынх, үлдсэн нь хувийн хэвшлийнх) ирсэн ч хоёр дахь тун нь ойрын хугацаанд ирэхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд буй. Харин БНХАУ-ын "Синофарм" группын "Вероцелл" вакцины хоёр дахь тунг нөөцөлсөн эсэхийг ЭМЯ-наас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
"Спутник-V"-аас бусад вакцины хоёр дахь тунг хангалттай нөөцөлсөн. Мөн энэ сарын 1-ээс орон нутаг дахь 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Вакцинжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, долдугаар сарын 1-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусна. Үүний зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 11 аймагт 22 мянган хүн тун вакцин түгээсэн. Мөн сарын 2-ний өдөр нийт 11 аймагт 93 мянган хүн тун вакциныг түгээсэн" гэх тайлбарыг өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газар Хятадаас "Вероцелл" вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас "Спутник V" вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 2-нд 334400 тун "Вероцелл" вакцин орж ирснээр БНХАУ-аас худалдаж авах 900 мянган тун вакциныг бүрэн хүлээж аваад байна. Харин одоо "Спутник-V" вакцин л орж ирээгүй байгаа юм. Одоогоор Монгол Улсад Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаас дараах хэмжээгээр орж ирээд байна.
- Хоёрдугаар сарын 22-ны өдөр хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас "АстраЗенека" вакцины 150 мянган тун
- Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар “Синофарм”-ын "Вероцелл" вакцины 300 мянган тун
- Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас "Спутник V" вакцины 10 мянган тун
- Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “КОВАКС ” хөтөлбөрийн шугамаар “АстраЗенека” вакцины 14.400 тун,
- Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөдөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
- Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероцелл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар тус тус хүлээн авсан юм.
- Дөрөвдүгээр сарын 21-нд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50400 тун "АстраЗенека" вакцин ирэв.
- Дөрөвдүгээр сарын 29-нд 334.400 тун "Вероцелл" вакциныг арилжааны шугамаар
- Тавдугаар сарын 2-нд 40 мянган тун "Спутник-v" вакцин арилжааны шугамаар
- Тавдугаар сарын 2-нд мөн 334.400 тун "Вероцелл" вакцин арилжааны шугамаар тус тус орж ирсэн юм.
Холбоотой мэдээ