ХМЗ: Мэдээллийн нэг урсгал байгаад шүүмжлэлтэй хандаж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.03-нд нийтлэгдсэн

ХМЗ: Мэдээллийн нэг урсгал байгаад шүүмжлэлтэй хандаж байна

ХМЗ: Мэдээллийн нэг урсгал байгаад шүүмжлэлтэй хандаж байна

УРИАЛГА

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тодорхой уриан дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ оны хувьд “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч байгаагүй мэдээллийн их урсгал дунд амьдрах боллоо. Харин энэ их мэдээллийн урсгал хүмүүний нийгмийн сайн сайхны төлөө байна уу, үгүй юу гэдгийг хүн бүр өөрсдөөсөө асууж тунгаах цаг болсныг “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” гэсэн уриа сануулж байна. Мэдээлэл ямар үед нийтийн сайн сайхны төлөө байх вэ? Мэдээлэл үнэн бодит, тэнцвэртэй, баталгаатай, бусдад хүндэтгэлтэй хандсан, эх сурвалжтай байсан нөхцөлд сайн сайхны төлөө байж чадна. Эдгээр нөхцөлийг сэтгүүлчийн Ёс зүйн үндсэн зарчимд тусгасан байдаг.

Хэвлэл мэдээллийн салбарын өргөн зөвшилцлийн үндсэн дээр 2015 онд байгуулагдсан Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэхэд өөрийн зохицуулалтын хэлбэрээр дэм болох зорилготой. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөлд мэргэжлийн ёс зүй зөрчигдсөн байж болох тухай 400 орчим гомдол ирснийг ёс зүйн хороод хэлэлцэн шийдвэрлэжээ. Олон нийтээс ирүүлсэн эдгээр гомдлын талаас илүү хувь нь үндэслэлтэй буюу сэтгүүлч бүтээлдээ ёс зүйн алдаа гаргасан байв. Сэтгүүлч ёс зүйн зарчмаа зөрчсөн нь харамсалтай боловч алдаа байгааг олон нийт олж харж, алдаа гаргаснаа хэвлэл мэдээлэл хүлээн зөвшөөрч залруулж байгаа энэ үйл явц нь “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх” үйл хэрэгт оруулж байгаа том хувь нэмэр юм.

Хүн бүр хүссэн мэдээллээ түгээх боломжтой болсон энэ цагт, ялангуяа цар тахлын өнөө үед сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн редакц мэргэжлийн ёс зүйгээ чандлан мөрдөж, баталгаатай, бодит мэдээллийг түгээх үүргээ илүүтэй ухамсарлах, бататган ажиллах шаардлагатай болж байна.

Дэлхий нийтийн адил, Монгол улс ч цар тахалтай тэмцэх онцгой нөхцөлд ажиллаж, энэ хүрээнд мэдээлэл олж авах, мэдээлэл түгээх үйл явц хязгаарлагдмал болж, зарим талаар сэтгүүлч мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны эцсээр хийсэн судалгаа харуулж байна. Ялангуяа сэтгүүлчид эх сурвалжийн хомсдолд орж, мэдээллийн нэг урсгал буюу төрийн албан эх сурвалжийн мэдээлэл түгээхээс өөр аргагүй байдалд ажиллаж байгаад Хэвлэл мэдээллийн зөвлөл шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь олон төрөл, түвшний эх сурвалжаар мэдээллийг нягтлан шалгаж байж сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгээ баримтлах боломжтой болох юм. Тиймээс сэтгүүлч, редакцын чөлөөтэй ажиллах боломжийг олгож, ёс зүйгээ мөрдөх орчин бүрдүүлэхийг төрийн болон төрийн бус бүх байгууллагад уриалж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж