Монгол Улсын иргэдийн хамрагдаж буй вакцины талаар Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр (2021.5.3) мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Газрын дарга Л.ЭНХСАЙХАН:
-ДЭМБ-ын мэдээлж буйгаар Файзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно гэж байна. Хятадын Вероцелл вакциныг жирэмсэн хүнд хийхэд эсрэг заалттай байна. Тиймээс жирэмсэнд хүнд хийхийг хориглож байна. Харин хөхүүл хүнд Вероцелл вакцин хийж болно гэж байгаа. Мөн Спутник-V вакциныг жирэмсэн хүнд хийж болохгүй эсрэг заалттай байна. Архаг хууч өвчтэй, өвчнийхөө хурц үе дээрээ, сэдрэлттэй явж буй хүмүүс эдгээр вакцинуудыг хийлгэж болохгүй. Харин өвчнийхөө намжмал үе дээрээ байгаа бол вакцин хийлгэж болно.
Спутник-V вакцины хоёрдугаар тун ирэх хугацаа хойшилж болзошгүй. Эхний ээлжинд 20 мянган тун ирсэн. Үйлдвэрлэгчийн заавар дээр хоёрдугаар тунг хийх хугацааг 21-90 хоног гэж байгаа. Вакцины хомсдолтой байгаа энэ үед боломжтой вакцинаа хийлгэхийг зөвлөж байгаа. Вакцины улмаас хүндэрч, нас барах үзүүлэлт нь буурч байна. Монгол Улс эсрэг биеийн судалгааг эхнээсээ хийж байна. Спутник-V вакциныг хүн болгонд хийх боломж алга. Вероцелл бол зуун жилийн түүхтэй дархлаажуулалтын арга замаар хийгдсэн вакцин.