Хойд Солонгосын Гадаад хэргийн яам өчигдөр /2021.05.02/ АНУ-ын талаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Манай улсын цөмийн хөтөлбөрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ноцтой аюул хэмээн нэрлэснээрээ “ хүлээн зөвшөөрч боломгүй том алдаа” гаргалаа. Үүний хариуд бид тохирох хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно.
Жо Байдены хэлсэн үг АНУ өнгөрсөн 50 жилийн турш Хойд Солонгосын эсрэг явуулж буй дайсагнасан бодлогын үргэлжлэл гэдгийг нотоллоо. АНУ нь хүйтэн дайны үеийн үзэл санаа бүхий хоцрогдсон бодлогоо баримталсан хэвээр байвал ойрын ирээдүйдээ тун хүнд нөхцөл байдалтай нүүр тулах болно” хэмээсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд өнгөрөгч Лхагва гаригт /2021.04.29/ Конгрессийн танхимд үг хэлэхдээ “Америкчуудын гол зорилго бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс ангижруулах. Үүний тулд АНУ холбоотон улсуудтайгаа хамтран хатуу арга хэмжээ авах болно” гэж хэлсэн юм.
Мөн тэрбээр Пёньянтай цөмийн зэвсгээс ангижрах дипломат хэлэлцээ хийх талаар нээлттэй гэж мэдэгдсэн. Гэвч энэ мэдэгдэл нь "дайсагнасан үйлдлээ далдлах хуурамч үг" гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: USA TODAY
Холбоотой мэдээ