Хүн амын дунд Covid-19 мутацийн нуугдмал тархалт явагдаагүй

Хуучирсан мэдээ: 2021.05.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Хүн амын дунд Covid-19 мутацийн нуугдмал тархалт явагдаагүй

Хүн амын дунд Covid-19 мутацийн нуугдмал тархалт явагдаагүй

Монгол Улсад батлагдаж буй Covid-19 халдварын тохиолдол өдөр ирэх бүрт нэмэгдэж, иргэд олон нийтийн сүлжээнд мутацид орсон вирусын тархалт манай улсад байгаа эсэх тал дээр талцаж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөрөөс  тодрууллаа.


-Энэтхэг мутаци, англи мутаци гэдэгтэй адил монгол мутаци гэж бий болсон уу?

-Үгүй. Богино хугацаанд биеийн байдал хүндэрч нас барсан Covid-19-ийн хавсарсан шинжтэй тохиолдлуудыг иргэд монгол мутациар халдварласан гэж ташаа ойлгож байна. Вирусийн мутаци бол байнга явагдаж байдаг зүйл. Хор уршигтай гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаагаар “variants of concern” бүлэгт хамаарсан вирусийн төрлийг англи, энэтхэг мутаци гэх мэтчилэн нэрлээд байгаа. Монголын тухайд тийм хор уу чанар өндөртэй гарсан ямар нэгэн мутацийн хэлбэр байхгүй. Япон руу Монголоос явуулсан 20 сорьцод хийсэн судалгаагаар тодорхой генийн мутациуд гарсан. Үүнийг судлуулахаар дахин генийн судалгаанд өгсөн байгаа. Монгол Улсад Covid-19-ийн мутаци аль улсаас хэзээ ороод ирэх бол гэж иргэд айх шаардлагагүй. Вирусууд байнгын хувиралд орж байгаа. Гэхдээ мутацид орно гэдгийг зөвхөн хор хөнөөл ихтэй байна гэж ойлгож болохгүй. Ямар ч сөрөг нөлөөгүй тохиолдол ч байдаг. Тэр бүхнийг бидэн шиг 20-хон дээж дээр хийсэн сорьцын шинжилгээгээр дүгнэж болохгүй. Бид зөвхөн халдварын тархалтыг хумих хүрээнд ийм судалгааг хийж байгаа шүү, судалгааны дүнгээр мутацийн тохиолдол гарсан. Цааш үргэлжлүүлэн судлах хэрэгтэй. Энэхүү мутацийг аюултай эсэх, хорт чанартай байгаа талаар тодорхой дүгнэлтүүд гараагүй байна.

Covid-19 халдвараар нас барсан хүмүүст мутаци илэрсэн эсэхийг тогтоох боломжтой юу?

-Сорьцуудыг хадгалж байдаг учраас боломжтой. Тандалт судалгааны ажил хийгдэж байгаа. Магадгүй Covid-19 оноштой хавсарсан өвчнөөр нас барсан хүмүүст мутаци илэрч, богино хугацаанд биеийн байдал хүндэрсэн байж болно гэсэн таамаг дэвшүүлсний үндсэн дээр судлаачдын баг ажиллаж байна.

-Мутацид орсон вирус орж ирсэн эсэхийг тогтоох гадаад руу явуулсан шинжилгээний хариу гарсан уу?

-Шинжилгээнд явуулсан 20 дээжийн хариунаас генийн дараалал тогтоох судалгаагаар сүүлийн 10 сарын хугацаанд нэг генийн  мутаци давтамжтай тархаж байна гэсэн хариу гарсан байгаа. Үүнийг илүү сайн баталгаажуулах хэрэгтэй. Монгол Улсад тогтвортой тархаад байгаа генийн мутацыг хэр хор уу чанар, тархалттай байгааг цаашид судлахаар ажиллаж байна. Тавдугаар сард багтааж дотооддоо шинжлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм. Шаардлагатай багаж, тоног төхөөрөмж бий болгох хэрэгцээ гарсан учраас хүсэлтээ өгөөд захиалчихсан байгаа. Энэ сардаа багатааж дотооддоо мутацид орсон эсэх судалгааг үргэлжлүүлж хйинэ гэж ойлгож болно. Мутаци гэдэг бол тогтмол явагддаг үзэгдэл. Вирусийн мутаци нэг хүнээс нөгөө хүний биед халдвар шилжихэд илэрч байдаг. Бид хоёр төрлийн судалгаан дээр үндэслэж баталгаажуулах шаардлагатай юм байна гэдэг шийд гаргасан. Тухайлбал, эхнийх нь PCR шинжилгээнд суурилсан оношлуур дээр үндэслэж судалгаа хийхэд гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн эхний тохиолдлууд дээр илэрсэн. Мөн хүн амын дунд батлагдсан дотоодын хоёр тохиолдолд мутацийн шинж тэмдэг илэрсэн байгаа. Судалгааны ажлыг өргөтгөж байж хүн амын дунд хэр өргөн тархсан болохыг тогтооно. Тиймээс одоогоор урьдчилсан дүгнэлтийг хийхэд эрт байна. Цаашид дахин баталгаажуулах явц явагдаж, судалгаа шинжилгээний ажлыг хийж байгаа.

-Шинжилгээний сорьцод өөр, өөр хугацааны дээжийг илгээсэн гэж байна. Япон, БНСУ-руу явуулахдаа Монголд хэчнээн удаагийн судалгаа хийсэн бэ?

-Эдгээр судалгааны дүнг генийн дараалал тогтоох аппаратаар шинжилж байж батлах шаардлагатай болдог. Энэ нь Монгол Улсад тухайн үед тодорхойлох хүний нөөц болоод тоног төхөөрөмж, аппаратны хувьд боломжгүй байсан  учраас Япон болон БНСУ-руу явуулсан. Өнгөрсөн оны гурав, найм, ес, аравдугаар сарын нийт 20 өөр хугацааны дээжийг авч шинжилгээнд явуулсан байгаа. Мутацид орсон төрлийг олон улсын аргачлалаар тодорхойлж зарладаг. Манай улсаас гурван вируслогич сорьц Япон улсад ажиллаж байгаа.

Вирусийг мутацид орвол мэдэх боломжгүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Нэг хүнээс нөгөө хүний биед халдвар шилжихэд вирусын мутаци илэрдэг. Шаардлагатай судалгаа, шинжилгээг хийж байж тодорхой мэдээлэл өгөх боломжтой болно.

-Covid-19 вирус мутацид орсон байсан ч вакцины үйлчилгээ ижил байх уу?

-Энэ тухайд ДЭМБ-аас гаргасан зөвлөмж мэдээлэл одоогоор байхгүй байна. Олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээс харахад “Файзер”, “Астра Зенека” дээр үндэслэж хийгдэж байгаа судалгааны материалууд олноор гарч байна. Харин “Синофарм” үйлдвэрийн вакцин дээр цөөн тооны судалгаанууд гарч байна. Спутникийн хувьд ганц нэг л судалгааны материал гарсан байгаа.  Эдгээрээс харахад манайд илэрч байгаа ямар нэгэн төрөл одоогийн байдлаар ажиглагдаагүй.

-Өнгөрсөн жилийн өвөл уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүсийн жишээнд суурилан  Монголд мутаци жилийн өмнө илэрсэн байх гэж таамаглах хүмүүс байна. Та мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Вирусийн тархалт эрчимтэй байгаа өнөөдрийн жишээнээс харахад л тухайн үед мутацид орсон халдвар Монгол Улсад илэрсэн бол хүн амын дунд өвчлөл ямар хурдан тархах байсан эсэхийг иргэд ойлгох хэрэгтэй. Зарим судлаачдын хэлж буй тэр судалгааны дүн бол улирлын томуугийн болон бусад вирустэй солилцох урвал өгөөд эерэг гарах магадлал бий. Түүнээс хүн амын дунд нуугдмал мутаци илэрсэн гэж ойлгож болохгүй. Covid-19 мутацид орсноор хатгалгаа туссан хүндэрсэн гэдэг асуудал бол ташаа мэдээлэл. Хамгийн чухал нь иргэд вакцин хийлгэснээр Covid-19 хүндрэх эрсдэлийг бууруулж, нас баралтын тохиолдол нэмэгдэхгүй байх боломжтой.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж