Тээврийн 3000 жолоочийг шинжилгээнд хамруулна
Тээврийн 3000 жолоочийг шинжилгээнд хамруулнаhttps://news.mn/r/2427614/
Posted by News.mn on Sunday, May 2, 2021
Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол боомт бол Гашуунсухайт. Уг хилийн боомтод Covid-19 халдварын тохиолдол илэрч, нүүрс, зэсийн баяжмалын экспорт тодорхойгүй хугацаагаар зогсоод байна. Учир нь тээврийн жолооч нар Хятадын Ганцмод боомтод PCR шинжилгээнд хамрагдаж хил нэвтэрдэг.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор дөрөвдүгээр сарын 30-нд гарах тээврийн жолооч нарыг Хятадын талд PCR шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг албаныхан мэдээллээ.
“МОНГОЛ ТАЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЭЦСИЙН ХАРИУ ГАРААГҮЙ БАЙНА”
Энэ талаар Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс тодруулахад “Одоогоор Гашуунсухайт боомтын нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Боомтын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас зогссон. Тавдугаар сарын 1-нээс нүүрс тээврийн уртын татан авалтыг зогсоосон. Хятадын талаас нүүрс тээврийн жолооч нарыг давтан шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан. Одоогоор Монгол талын шинжилгээний эцсийн хариу гараагүй байна” гэв.
Гашуунсухайт хилийн боомтын авто замаар нүүрс тээврийн урт, богино тээврийн 14 мянган автомашин тээвэрлэлт хийдэг гэх статистик бий. Хилийн боомт хаахын өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд гарах чиглэлд нүүрс тээврийн 97, бараа материалын 25, зэсийн баяжмалын 16 тээврийн хэрэгсэл хилээр гарчээ. Харин энэ сарын 28-нд нүүрс тээврийн 131, бараа материалын ес, зэсийн баяжмалын 24 машин гарсан байна.
“3000 ЖОЛООЧООС PCR ШИНЖИЛГЭЭ АВНА”
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байгаа аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяагаас нөхцөл байдлыг тодруулсан юм. Тэрбээр “Одоогоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Ажлын хэсэг гарч, Хятадын талтай нүүрсний экспортоо сэргээх чиглэлээр ажиллаж байна. Бид Өмнөговь аймагт дөнгөж ирээд байна. Одоогоор хил хаагдчихсан учраас нүүрс татан авалт зогссон. Тээврийн жолооч нарыг вакцинжуулалтын нэг, хоёрдугаар тунд хамруулах ажил өрнөж байна. Вакцинд хамрагдахын өмнө PCR шинжилгээ авч байна.
Өнөөдрийн байдлаар 3000 жолоочийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Өчигдөр 300 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, бүгд сөрөг гарсан. Өнөөдөр 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Батлагдсан тохиолдлыг тусгаарлаж, эмчилгээ хийж байна. Тухайн жолоочийн ойрын хавьтлыг тогтоож, бүгдийг нь тусгаарласан” гэдгийг хэлсэн юм.
Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 25 хүний бүрэлдэхүүнтэй таван автомашинтай мэргэжлийн баг Ханбогд сум Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүсэд тандалт судалгаа хийж байгаа аж. Тавдугаар сарын 1-нээс эхлэн хоёр хоногийн хугацаанд 3000 хүнээс шинжилгээ авч үр дүнг тооцон, вакцин хийлгээгүй үлдсэн бүх хүнийг дархлаажуулах гэнэ.
ХИЛИЙН БООМТОД 16 БАЙГУУЛЛАГА ЗОХИЦУУЛАЛТ ХИЙН АЖИЛЛАЖ БАЙНА
Тавантолгойн бүлэг ордын нүүрсний тээвэр, экспортод Монгол Улсын төрийг төлөөлөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумд, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Тавантолгой компани, Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Гашуунсухайт авто зам компани зэрэг 16 байгууллага байнгын зохицуулалт хийн ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн.
Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг бусад төрийн байгууллагууд, 220 орчим нүүрс тээврийн компани, 10 гаруй мянган тээвэрчид, 27 НАБТ (нүүрс ачиж буулгах төв), Тайван зогсоол, Тээвэрчдийн хотхон, GPS-ийн үйлчилгээ эрхлэгч 10 гаруй компани, бэлтгэн нийлүүлэгч зэрэг хувийн хэвшлийн компаниуд, Баянзам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөл, Тээвэрчдийн гэргий нарын холбоо зэрэг олон нийтийн байгууллага нийт 280 орчим байгууллага хамтран ажилладаг байна.
Холбоотой мэдээ