"FIBA" буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “FIBA U15 Skills challenge”-ийн Азийн бүсийн урьдчилсан тоглолтууд өндөрлөж, дэлхийн аваргад өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Таван тивийн 55 улсын 106 баг өрсөлдөж буй “Skills Challenge”-ийн Азийн бүст эмэгтэй, эрэгтэй тус бүр 13 улсын баг дөрвөн хэсэгт орж өрсөлдсөнөөс хэсэг тус бүрийн шилдэг хоёр баг буюу тивийн шилдэг найман баг дэлхийд өрсөлдөх эрхээ авсан юм.
Монголын эмэгтэй баг Таити, Самао, Ливаны багуудтай нэг хэсэгт орж Таити, Самаог хожиж Ливанд хожигдон хэсгээсээ хоёрдугаар байраар гарч дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.
Харин Монголын эрэгтэй багийн хувьд Шинэ Зеаланд, Ирак улсын багуудтай тус бүр хоёр удаа тоглон итгэл төгс ялалт байгуулж, хэсгээ тэргүүлэн дэлхийд өрсөлдөх эрхээ мөн авлаа.
“FIBA U15 Skills Challenge”-ийн дэлхийн аварга ирэх 10-р сард зохион байгуулагдана.
Дашрамд дуулгахад, өнгөрөгч 2020 онд 17 хүртэлх насны ангилалаар зохион байгуулагдсан анхдугаар "FIBA U17 Skills Challenge" тэмцээний дэлхийн аваргаар Монголын эрэгтэй шигшээ баг, БНХАУ-ын эмэгтэй багууд тодорч байсан билээ. Өнгөрсөн жил Монголын эмэгтэй баг Азийн бүсээс шалгарч чадаагүй бол энэ жил эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа дэлхийн аваргад өрсөлдөх эрхтэй боллоо.
Холбоотой мэдээ