Тэрбумтан Элон Маскийн сансрын хөлөг үйлдвэрлэгч "Space X" компанийн бүтээл АНУ-ын түүхэн дэх хамгийн урт хугацааны нислэгийг амжилттай гүйцэтгэн, дөрвөн нисэгчийг эх дэлхийд аюулгүй эргүүлэн авчирлаа.
"Space X" компанийн бүтээсэн "Crew Dragon" буюу өөрсдийнх нь нэрлэснээр "Resilience" хөлгийг жолоодон явсан "Crew-1" төслийн "NASA" агентлагийн нисэгч Ханнон Уокер, Виктор Гловер, Майк Хопкинс болон Японы сансар судлалын агентлагийн нисэгч Соичи Ногучи нар сансарт зургаан сарын турш аяласны эцэст ийнхүү өчигдөр/2021.5.2/ дэлхийд эргэн иржээ. Хөлөг дэлхийд газардах явцдаа гаднаасаа 1926 хэм хүртэл халсан ч багийн гишүүдэд ямар нэг аюул учраагүй гэнэ.
Хөлөг далайн хөвөөнөөс хэдхэн метрийн өндөрт дөрвөн шүхэр дэлгэн Мексикийн булангийн ойролцоо нутгийн цагаар 02:57 буюу Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 2-ны 14:57 цагт буусан байна.
Энэ бол "NASA" агентлагийн хувьд 1968 оноос хойш гүйцэтгээгүй шөнийн амжилттай буулт юм. Хөлгийг буух үед ойролцоо байсан аврах хөлөг, "NASA" агентлагийн онгоц дүрс бичлэг хийжээ. Хөлгийг буух үед төслийн удирдагч, операторууд радио холбоогоор “NASA, Space X компанийн нэрийн өмнөөс бид та бүхнийг баяртайгаар угтан авч байна. Дэлхийдээ эргэн тавтай морил. Space X-ийн хөлгөөр аяласан та бүгдэд баярлалаа. Та бүхэн энэ аяллаар нийт 109.5 сая км зам тууллаа” хэмээн зарлажээ.
"Crew-1" багийн гишүүд олон улсын сансрын станцад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард очсоноосоо хойш ажиллаж, амьдарч байгаад ирж буй нь энэ юм. Мөн энэ бол "Space X" компанийн хувьд хоёр талдаа хүн тээвэрлэсэн анхны даалгавар байв.
Элон Маск анх өнгөрсөн онд хоёр сарын туршилтын нислэгээр "NASA" агентлагийн Боб Бехнкен, Даг Херли нарын олон улсын сансрын станцад хүргэж өгснөөр сансарт хүн тээвэрлэх чадвартай гэдгээ батлан харуулж байсан бол энэ нислэгээр сансарт гарах болон дэлхийд эргэн ирэх бүтэн тойргийг ямар ч аюулгүй амжилттай гүйцэтгэх чадвартайгаа нотоллоо.
Үр дүнд нь "NASA" агентлаг "Space X" компанитай дахин таван ч бүтэн тойрог нислэг үйлдэх гэрээ байгуулсны нэг нь буюу "Crew-2" баг өнгөрсөн долоо хоногт хэдийн олон улсын сансрын станцад хүрчээ. Тухайн үед нийтдээ хөлбөмбөгийн талбайтай дүйх багтаамжтай олон улсын сансрын станцад нийт 11 хүн цугларч, Ханнон Уокер, Виктор Гловер, Майк Хопкинс, Соичи Ногучи нар дараагийн багинхантайгаа халуун дотноор мэндчилцгээсэн юм. Гэвч нэгдүгээр багийнхан өнгөрсөн долоо хоногт/2021.5.1/ сансрын станцтай салах ёс гүйцэтгэн дэлхий рүү хөдөлжээ. Улмаар хөлөг зургаан цаг хагасын турш дэлхийд аажмаар ойртсоор агаар мандалд орж ирсэн байна.
"NASA" агентлагийн удирдагчийн үүрэг гүйцэтгэгч Стив Журчик “Энэ бол маш чухал үйл явдал. Хамгийн гол нь багийн гишүүдийг станцад аюулгүй хүргэж, буцаан авчирч чадлаа. Бидний сансрын станц дээр хийж буй ажил бол зөвхөн судалгаа болон технологийн хөгжүүлэлтээс гадна ирээдүйд Ангарагт хүн буулгах агуу их ажлын бэлтгэл гэдгээрээ нэн чухал юм” хэмэээн тайлбарлажээ.
Ханнон Уокер, Виктор Гловер, Майк Хопкинс, Соичи Ногучи нар сансарт байхдаа шинжлэх ухаан, технологийн хэдэн зуун туршилт, судалгаа хийж, хэд хэдэн удаа задгай сансарт “хөл тавьж”, тэр ч байтугай сансрын хөлгөө станцын нэг хаалганаас салган өөр хаалганд залгасан нь сансарт анх удаа гэнэ.
Түүнээс гадна дөрөвдүгээр сарын 30-нд хоёр багийн гишүүд хамтран хөлгийн нисэгч Виктор Гловерын 45 насны төрсөн өдрийг тэмдэглэсэн аж. Тэрбээр анх хөөрөхдөө шинэхэн нисэгч байсан бол туршлагатай нисэгч Ногучигаас их зүйл суран арвин туршлага хуримтлуулаад иржээ. Ногучи бол амьдралынхаа нэг жилээс илүү хугацааг сансарт өнгөрүүлсэн, гурванч өөр хөлөг хөөргөж байсан туршлагатай сансрын нисэгч юм. Тэрбээр хөөргөж байсан хөлгүүдээс нь хамгийн шилдэг нь "Crew Dragon" хөлөг хэмээн тодорхойлжээ.
Харин багийн ахлагч Майк Хопкинст станцын ор хүрэлцээгүй тул сүүлийн таван сарын турш хөлгийнхөө сандал дээр унтсан гэнэ. Гэхдээ түүнд ноогдсон “өрөө” ганцаараа дэлхий рүү харсан цонхтой нь байсан тул түүнд таалагдаж байсан гэнэ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ