Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2021.05.03/ тохиож буй. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2019 онд дэлхийн 180 улсаас 73 дугаар байранд жагсч, өмнөх жилийнхээс гурван байраар ухарч байсан бол энэ жил таван байраар урагшилж, 68-д жагссан нь багагүй ахиц, дэвшил гэж хэлж болно.
Хил хязгааргүй сурвалжлагчид /RSF/ байгууллагаас 2021 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улсын 2019 оноос таван байраар урагшилж, 68-д жагссан байна.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Дэлуар “Сэтгүүл зүй бол хуурамч мэдээллийн эсрэг шилдэг вакцин юм” хэмээн тодотгожээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны индекс нь тус байгууллагын үнэлгээнд хамрагдсан 180 орны 73 хувьд хуурамч мэдээллийн эсрэг гол вакцин болох сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн болоод хэсэгчлэн хааж боомилсныг харуулсныг онцлон дурджээ. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэл нийтийн сайн сайхны төлөө байх нь” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Мэдээлэл болоод мэдээлэл, харилцаа холбооны бусад контент, тухайлбал, хуурамч мэдээлэл, үзэн ядах үг хэллэг, зугаа цэнгэл, өгөгдөл зэрэг контентын хоорондын ялгааг онцлон тэмдэглэсэн.
Ингэх нь нийтийн ашиг сонирхлын төлөөх үнэн бодит, баталгаат мэдээ боловсруулахад сэтгүүл зүйн гүйцэтгэх онцгой үүргийг тодотгох, мэдээллийг нийтийн сайн сайхны төлөө байх боломжоор хангаж буй экосистемээс энэ бүхэн хэрхэн хамааралтай гэдэгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.
Дэлхий даяар covid-19 цар тахал гарсантай холбоотойгоор хэвлэлийн эрх чөлөөнд халдах, мэдээллийг нэг урсгалаар хянах, дарангуйллын шинжтэй хууль тогтоомж гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг зөрчсөн, цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шүүмжлүүлэхгүй байх гээд олон ухралтууд Ази, Номхон далайн орнуудад тулгарчээ. Тиймээс ч RSF-ээс 2021 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийг Ази, Номхон далайг цагтан хяналт /цензур/, хуурамч мэдээллийн дайрлага нөмөрсөн гэж товч, тодорхой дүгнэжээ. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргадаг дэлхийн үзүүлэлтээр дэлхий даяарх хэвлэлийн эрх чөлөөний түвшин 2021 онд 2020 оныхоос дөнгөж 0.3 хувиар буурсан байна. Гэвч өнгөрсөн жилийн харьцангүй тогтвортой байдал нь 2013 онд уг үнэлгээг хэрэглэж эхэлснээс хойш дээрх үзүүлэлт 12 хувиар доройтсон гэдгийг анхаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг онцгойлон анхаарах ёстойг ч сануулжээ.
Хэвлэлийн эрх чөлөөгөөр өнгөрсөн жилээс таван байраар урагшилсан нь чамлахааргүй амжилт боловч цар тахал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг "хорионд" оруулсан.
Монгол Улсын хувьд цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжийн хязгаарлалтад орох, асуудлыг газар дээрээс нь сурвалжлах, нийтлэхэд хүндрэл учирсан. Ялангуяа Засгийн газрын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосон үед хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд маш бага орон тоогоор ажиллаж, уншигчдад бүрэн мэдээлэл хүргэхэд хүндрэлтэй байлаа.
Цар тахлын үед хэвлэлүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад гар бие оролцож, өөр өөрсдийн боломж, цаг хугацаандаа мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд цар тахлын үед олон нийтэд мэдээлэл хүргэхэд тэргүүн эгнээнд хүчин зүтгэж байна. Хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүй нь олон нийтийг бодит мэдээллээр хангах, эрүүл мэндийн зохистой арга хэмжээний талаар таниулан сурталчлах, хуурамч мэдээллийг сааруулах, асуудал дэвшүүлэх, төр засгаас хариуцлага нэхэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүргээ ч Монголын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд гүйцэтгэсээр ирсэн.
Гэвч Засгийн газраас цар тахлыг далимдуулан хуулинд хязгаарлалт хийж, нэг сувгаар мэдээлэл түгээх, сэтгүүлчдийн мэдээлэл авах эх сурвалжуудыг хязгаарлах, цар тахлын үеийн хууль зөрчвөл хариуцлага тооцох зэрэг хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах оролдлогууд хийсэн.
Тухайлбал, УОК-ын дэргэд Эрсдэлийн хороо байгуулж, зөвхөн энэ хороогоор дамжуулан хэвлэл мэдээллийн байгуулагад мэдээлэл дамжуулах, түгээхийг санаархсан тохиолдол ч гарсан. Төрийн ордонд сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй байх, цар тахлын үед ташаа мэдээлэл тараахгүй байхыг шаардах зэрэг үйлдлүүд ч Засгийн газар, УОК-ын зүгээр гаргасан. Товчхондоо царт тахлын үеийн хөл хорионд Монголын хэвлэлийн мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ч хөл хамт хоригдсон. Цаашид хатуу хөл хорио тогтоохгүй, халдварын тоо буурч, вакцинжуулалт идэвхтэй үргэлжилбэл "хоригдсон" хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах ард түмний эрх сэргэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Нөгөө талд иргэн бүр мэдээлэгч болсон, сошиал өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг болсон энэ цагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид сошиалаас ялгарахын тулд баримттай мэдээлж, хариуцлагатай байж, редакцийн бүтцээ сайжруулахад анхаарах шаардлагатайг цар тахал тод санууллаа. Тиймээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү чамбайрч, сошиалзүй биш сэтгүүлзүйг хөгжүүлэхийн тулд хариуцлагатай, мэргэжлийн байж ялаграх цаг болжээ. Үүний тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж, дуу нэгтэй байж, хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө, хэвлэлийн эрх чөлөөнийхөө төлөө сэтгүүл бүр, хэвлэлийн мэдээллийн байгууллага бүр хичээх цаг болжээ.
Цар тахалтай хүндхэн цаг үеийг бид туулж байна. Цаашид хэдэн цар тахал ирэхийг, тааварлашгүй олон хүнд нөхцөл биднийг хүлээж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ цагаас эхлэн 108 жилийн түүхтэй, сэтгүүл зүйн салбараа, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хамгаалж, урагшлая.
Холбоотой мэдээ