Улс орны өмнө нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал Covid-19-ийн тархалт, түүний эрсдэл болоод байна. Өнөөдрийн байдлаар нийт 1185 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барснаар Covid-19-ийн улмаас амиа алдсан хүний тоо 117-д хүрэв. Иймд ЭМЯ-наас иргэддээ хайртай дотны хүмүүсээ хамгаалж, цар тахлын эсрэг дархлаажуулалтдаа яаралтай хамрагдахыг уриалсаар байгааг "Долоо хоногийн тойм"-ынхоо эхэнд онцгойлон сануулъя.
Эрүүл мэндийн яам, УОК-ын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 105 тоот тогтоол гаргаж, 2021 оны дөрөвдүгээр 25-ны өдөр дуусах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Цар тахлын халдварын тархалт буурахгүй, иргэдийн дунд Covid-19-ийн улмаас нас баралт огцом нэмэгдсэн, вирусийн мутацлагдсан хувилбар орж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн, ЭМЯ, эмнэлгийн байгууллага болон салбарын эрдэмтэн мэргэдийн хөл хорио сунгах саналд ийн тулгуурлажээ.
УОК-оос энэ удаагийн хөл хориог үр дүнтэй болгох, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, халдвар тархах эрсдэлийг бууруулах, вакцинжуулалтын ажлыг халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахгүйгээр эрчимтэй зохион байгуулахын тулд өмнөх хөл хорионоос илүү хатуу чанд зохицуулалт хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар хатуу хөл хорио тогтоогоогүй мэт иргэд хаа сайгүй хөлхөж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн өмнөхөөсөө нэмэгдсэн дүр зурагтай байна.
Цар тахлын зэрэгцээ улс төрийн үйл явдлууд ч ар араасаа хөвөрсөн долоо хоног өнгөрлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан ч эрх баригч нам хүлээж авсангүй.
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.04.29) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хоригийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэснээр “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.
Эрх баригч нам 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, олонхийн саналаар маш богино хугацаанд батлав. Зарим эх сурвалж эрх баригчид энэхүү хуулийг долоохон минутад хэлэлцэн баталсан гэж мэдээлсэн юм. Ийнхүү МАН олноороо “сүр хүч”-ийг үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг дахиж нэр дэвших эрхгүй болголоо.
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох өдөр ойртож байна. Энэ хэрээр зарим улс төрийн намуудын дотоод өрсөлдөөн хурцадмал байдалд шилжсэн бол зарим нь нэр дэвшигчдийн эрэлд гарцгаав.
Ардчилсан нам хоёр нэр дэвшигч тодруулаад байгаагийн нэг нь С.Эрдэнэ, нөгөө нь Н.Алтанхуяг. Тэдний хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх цорын ганц нэр дэвшигчээр тодрох нь одоогоор оньсого хэвээр байна.
Энэ өдөр С.Эрдэнийн гэх Ардчилсан нам цахимаар Үндэсний бодлогын хорооны ээлжит бус XII хурлаа хийж, дотоод сонгуулийн хорооноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон С.Эрдэнийг батламжиллаа.
Эрх баригч МАН-ын хувьд өнөөдөр 15.00 цагт цахимаар Бага хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаа мэдэгдээд байгаа билээ. Улс төрийн хүрээнийхэн МАН-ын дарга У.Хүрэлсүх тус намаас “ногоон гэрэл”-ээр сонгуульд өрсөлдөнө хэмээх мэдээллийг эртнээс өгч буй юм.
ХҮН-ын хувьд Д.Энхбат, Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан, Ц.Оюунгэрэл нарт нэрээ дэвшүүлэх саналыг албан ёсоор тавьжээ. Тус намын залуучууд Д.Энхбатад илүү найдлага тавьж байгаагаа илэрхийлж буй бол Ц.Оюунгэрэл нэр дэвшигчээр тодорч, Ерөнхийлөгч болсон тохиолдолд Монгол Улсын гадаад бодлого тодорхой түвшинд ахих боломжтой гэсэн хүлээлттэй байгаагаа нуусангүй.
“Ноён урваач, нохой шарваач” гэдэг. “Фенг шүй” нэрээр анх олонд танигдсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэзээ нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж амалсан амлалт энэ долоо хоногт талаар болов. Тэрбээр МАХН, МАН-тай нэгдэж сонгуульд оролцохоо зарласан өдөр МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, шууд Ардчилсан намын гишүүнээр элссэн. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, тэрбээр ХҮН-д орох хүсэлтээ туслахаараа дамжуулан дайсан сурагтай.
Холбоотой мэдээ