УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: Төлөөлөн удирдах зөвлөл 100 хувийн ирцтэйгээр хурлаа хийлээ. Монголчууд Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгох ёстой. Нэг нам эвслээс сонгохоос илүүтэй нийт монголчуудын төлөөлөл байх ёстой. Энэ төлөөллийг сонгохдоо хөдөө орон нутаг болон гадаад оронд оршин суугаа иргэдээс санал асуулга авсан. “Ерөнхийлөгчөө захиалъя” арга хэмжээг 45 хоногийн турш явуулсан. Нийт 20 мянган хүн цахимаар саналаа өгсөн. Үүнээс 140 хүнийг санал болгосон байдаг. Энэ дундаас зарчмаа баримтлан таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан юм. Санал тавьсан эрхмүүд маш эерэгээр хүлээн авсан.
"Датакомын" Д.Энхбат 1990 онд интернэтийг Монголд анх оруулж ирж танилцуулсан хүн. Д.Энхбат саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, өнөөдрийн нэр дэвшигчийг тодруулахад оролцлоо.
Өнөөдөр саналаа албажуулсан гурван эрхмийн өгсөн гарын үсэг, манай эвслийн тохиролцоо зэрэгт үндэслэн санал хураалт явагдсан. Хамгийн их санал авсан Д.Энхбат нэр дэвшихээр болж байна. Эрдэм мэдлэгтэй, эрүүл нийгмийг хүссэн, хуулийн өмнө шударга байдаг ийм хүнийг цаашид улс төрийн намууд сонгон дэвшүүлдэг байгаасай гэж бодсон үүднээс санал гарлаа.
Монголд оюун санааны лидер, гадаад улсад үйл ажиллагаа явуулах, монгол бизнесүүдэд зах зээлийг нь нээж өгөх, залуучуудад итгэл бий болгон сэргээж өгч чадах ийм хүн Ерөнхийлөгчид нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн. Мөрийн хөтөлбөрөө өнөөдөр Үндэсний аудитын газар хүргүүлнэ. Цаашид бид хуулийн хүрээнд ажиллана” хэмээв.
"Зөв ХҮН электорат" эвслээс таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан. Тодруулбал, Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарт нэрээ дэвшүүлэх хүсэлт тавиад буй.
Хамгийн түрүүнд Д.Энхбат дээрх хүсэлтийг хүлээн авснаа сошиалаар мэдэгдсэн. Тэрбээр "Дангаасүрэнгийн Энхбат би Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна" гэжээ. Тэрбээр "Датакомын" Энхбат, "Форумын" Энхбат нэрээрээ олон нийтэд танигдсан. Анх интернэтийг монголчуудад танилцуулж байв.
“Зөв ХҮН электорат” эвслийн саналыг хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай “Зөв ХҮН Электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал ирсэн. Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа, баярлалаа. Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн, хичээн зүтгэнэ" хэмээн жиргэсэн байна.
Мөн нийтлэлч Б.Баабар ХҮН-аас нэр дэвших саналыг нь хүлээж авчээ.