Францын эрдэмтэд сайн дурын 15 хүн оролцуулан “Deep Time” нэртэй туршилт хийжээ. Уг туршилт нь хүнийг нийгмээс бүрэн тусгаарласнаар аж байдалд нь гарах өөрчлөлтийг судлах зорилготой аж. Туршилтад 27-50 насны найман эрэгтэй, долоон эмэгтэй сайн дурын нийт 15 хүн оролцсон байна. Тэд зургаан долоо хоногийн турш Тулуз хотын өмнөд хэсэгт орших Пиреней уулсын 95 хувийн чийгшил 12 хэмийн тогтмол дулаантай Ломбрив агуйд ямар ч гар утас, компьютер, цаг, байгалийн гэрэлгүйгээр амьдарчээ.
Туршилтад оролцогчид ямар ч цагийн баримжаагүй болсон тул туршилтын хугацаа дуусч, эрдэмтэд өөрсдийг нь авахаар очих үед дор хаяж дахин нэг долоо хоног дутуу байгаа хэмээн барагцаалцгааж байв.
Оролцогчид туршилт эхэлснээс хойш гадаад ертөнцтэй огт холбоо бариагүй тул тэр хугацаанд гэр бүлийнхэн, найзууд хэрхэн амьдарч, цар тахлын нөхцөл байдал хэр өрнөж байсныг огт мэдээгүй юм. Агуйд амьдарч байхдаа тэд өөрсдийн хэрэглээний цахилгааныг унадаг дугуйн дөрөө жийн гарган авч, ундны усаа 45 метр гүн худгаас татаж байв.
Туршилтын хугацаа дууссаны дараа биологич Бенуа Мовьегийн хэлснээр, туршилтад оролцогчдын олонх агуйд байхдаа багаараа эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд дахиад тэндээ хэдэн өдөр үлдэх хүсэлтэйгээ илэрхийлсэн аж.
Оролцогчдын нэг чухал даалгавар бол өөрсдийнхөө зөнгөөр цаг хугацааг баримжаалан унтах, ажиллах зэрэг цагаа зохицуулах явдал байжээ. Гэвч тэдний баримжаа бага зэрэг зөрсөн бололтой. Оролцогч нар туршилтын талаар “Агуйд цаг хугацаа их удаан өнгөрч байсан”, “Энэ туршилт яг л амьдралаас түр завсарлаж байгаа мэт байлаа” гэх зэргээр дурссан байна.
Эрдэмтэд туршилтын талаар “Хүн төрөлхтний амьдралын хэв маяг, идэвх байгаа орчноосоо шалтгаалж хэрхэн өөрчлөгддөгийг судалж үзлээ. Хүн төрөлхтний дэлхий дээрх амьдрал ирээдүйд хувьсаж өөрчлөгдсөөр байх нь мэдээж. Харин бидний туршилт тэрхүү өөрчлөлтийн үед хүний тархи орчноосоо хамааран хэрхэн шинэ шийдэл олдгийг олж мэдэх зорилготой” хэмээн тайлбарлажээ.
Өдгөө туршилт дууссан учир эрдэмтэд сайн дурынхны туршилтын өмнө ба дараа цуглуулсан тархины танихуйн чадвар, идэвхийн талаарх мэдээллүүдийг харьцуулан судлах юм.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ