УОК-оос тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн энэ сард 16 удаагийн тусгай үүргийн нислэгийн хуваарь гаргаад байгаа билээ. Манай улс тавдугаар сард гадаадаас 2978 иргэнээ авахаар төлөвлөсөн. Өнөөдөр (2021.05.02) 03.50 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн "Ашиана Эйрлайнс" компанийн тусгай нислэг Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр нийт 247 иргэн иржээ. Түүнчлэн уг нислэгт АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй иргэн багтсан аж. Эдгээр иргэд нь Covid-19-ийн эсрэг вакцины хоёрдугаар тундаа бүрэн хамрагдаж, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ийнхүү эх орондоо иржээ.
Вакцины бүрэн тундаа хамрагдаад, 14-өөс дээш хоногийн хугацаа өнгөрсөн 109 иргэнийг журмын дагуу гэрийн ажиглалтад гаргасан байна. Харин бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Зүчи”, “Лион”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлажээ.
Гадаадаас ирсэн иргэд тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад тус бүр долоо хоног байх журам мөрдөгдөж эхэлсэн. Мөн вакцины нэг, хоёрдугаар тундаа бүрэн хамрагдаад, 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүйгээр гэртээ долоо хоног тусгаарлагдах боломжтой болсон юм.
Ц.ЯНЖИНДУЛАМ