Халдварын тохиолдол буурахгүй байгаа энэ үед ойрын хавьтал болсон иргэд хаана, хэрхэн шинжилгээнд хамрагдах талаар мэдээлэл дутмаг байна. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабын ээлжит мэдээллийн үеэр “Батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон дуудлага маш их ирж байна. Одоогийн байдлаар нийслэлд ойрын хавьтлын 24 мянга гаруй иргэн хяналтад байна. Иргэн бүрээс очиж PCR шинжилгээ авахад маш их ачаалал үүсч байна.
Ойрын хавьтал болсон иргэдэд өрхийн эрүүл мэндийн төв хяналт тавьж байна. Хэрэв биед нь эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн тохиолдолд тандалтын баг очиж шинжилгээ авах юм. Цаг хугацааны хувьд тандалтын баг ойрын хавьтал бүрээс очиж шинжилгээ авах боломжгүй. Ойрын хавьтал болсон хэдий ч эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бол та Covid-19-өөр өвчлөөгүй байх боломжтой. Шинжилгээ өгнө гэдэг нь эрүүл мэндийн салбарын лабораториудад маш их ачаалал үүсгэж байгаа тул тайван байж, гэрийн нөхцөлд дархлаагаа дэмжих хэрэгтэй” хэмээн холбогдох албаны мэргэжилтэн мэдээлсэн юм.
НЭМГ-аас өөрийгөө ойрын хавьтал болсон гэж үзэж байгаа иргэд хамгийн түрүүнд харъяа дүүрэг, хорооны Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, хэзээ, хэн гэдэг хүний ойрын хавьтал болсон гэдгээ хэлэх шаардлагатайг зөвлөж буй. Учир нь иргэний өгсөн мэдээллийг компьютер дээр шүүж, ойрын хавьтал болсон эсэхийг тодорхойлж байгаа билээ. Хэрэв ойрын хавьтал мөн болох нь тогтоогдвол тухайн иргэн өөрийгөө тусгаарлах хэрэгтэй юм.
Ц.ЯНЖИНДУЛАМ