НЭМЭЛТ: 16.00 ЦАГ
Ардчилсан нам ээлжит XII цахим их хурлаараа Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч С.Эрдэнийг ёсчлон баталлаа.
НЭМЭЛТ: 11.30 ЦАГ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит цахим хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчийг танилцууллаа.
Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр (2021.05.01) болж, 22.30 цагт дүнгээ танилцуулсан. Цахим санал хураалтад намын гишүүд 53.07 хувийн ирцтэй оролцож, С.Эрдэнэ 1953.05 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчээр тодроод буй юм.
АН-ын дарга М.ТУЛГАТ:
-2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгодог кабинетын зарчим хэрэгжиж эхлэн, Ерөнхийлөгчийн институт болон хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоорондын эрх үүргийн харилцааг шинэчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог болсон, анхны Ерөнхийлөгчөө удахгүй сонгох гэж байна.
Covid-19-ийн дараа эдийн засгийн хямралтай залгах нь тодорхой байна. Эрх баригчдын алдаатай бодлогын улмаас сүүлийн таван жилд 12.5 их наядын төсвийн алдагдал хүлээж, гадаад өр 32 ам.долларт хүрсэн. Эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны тухайд цөөн орны төрийн өмчит компаниудыг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа зогссон нэн эгзэгтэй цаг үед тулж ирээд байгаа билээ. Энэ үед АН-аас нэр дэвшиж буй нэр дэвшигч маань энэхүү түүхэн хариуцлагатай сонгуульд заавал ялах ёстой.
Монгол улсын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчдийн бодлогын мэтгэлцээн
АРДЧИЛСАН НАМЫН ЭЭЛЖИТ ХII ЦАХИМ ИХ ХУРАЛ
Posted by Democratic Party Ардчилсан нам on Saturday, May 1, 2021
Ардчилсан намын дарга асан С.ЭРДЭНЭ:
-Надад итгэл хүлээлгэж, энэхүү хариуцлагатай албыг үүрэх үүрэг хариуцлага ноогдуулж байгаа нийт АН-ын гишүүд, эрхэм журмын нөхөд, гишүүд дэмжигчдэдээ гүн талархал илэрхийлэхийн ялдамд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан Ерөнхийлөгч байх болно гэдгээ илэрхийлмээр байна.
Бидний өмнө амаргүй олон асуудал хуримтлагдаж байна. Монгол түмний хувьд өнөөдөр нийгэм, эдийн засаг, улс төрийн таагүй нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал туйлын чухал. Тэр дундаа монголчуудын нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлын гарц, гаргалгааг хэрхэн гаргах вэ гэдэг нь дараагийн шинэ Ерөнхийлөгчийн хамгийн эхний анхаарлаа хандуулах чухал асуудал гэж харж байна.
Манай нам хоёр удаа олонхи болж, бусад намуудтай эвслийн Засгийн газар байгуулж, улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад өөрсдийн гэсэн өнгө нэмэхийг зорьж ажилласан.
Парламентын засаглалыг дээдэлсэн, гүйцэтгэх засаглалын ачааг дэмжсэн, Ерөнхийлөгчийн эрх үүрэгт хамааралгүй асуудалд оролцдоггүй, хуулийн чиг үүргийн дагуу гүйцэтгэх үүрэг, хариуцлагаа өндрөөр ухамсарласан Ерөнхийлөгч байж чадна гэдгээ хэлмээр байна” гэсэн юм.
АРДЧИЛСАН НАМЫН ЭЭЛЖИТ XII ЦАХИМ ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Арчилсан намын ээлжит XII цахим Их хурал өнөөдөр 09.00 цагт эхэллээ. Хувь хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн үзлийг тууштай баримтлагч Ардчилсан нам энэхүү цахим хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ гүн хүндэтгэлтэйгээр ёсчлон батламжлахаа мэдээлэв. Мөн Ардчилсан намын гишүүддээ ээлжит XII цахим Их хуралдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр (2021.05.01) болж, 22.30 цагт дүнгээ танилцуулсан. Цахим санал хураалтад намын гишүүд 53.07 хувийн ирцтэй оролцож, С.Эрдэнэ 1953.05 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчээр тодроод буй юм.
Ц.ЯНЖИНДУЛАМ