Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ маргааш буюу тавдугаар сарын 2-нд зарлана. Ардчилсан намын дүрмийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ дотоод сунгаагаар тодруулахаар болсон. Гэхдээ хоёр талд нэр дэвшигчээ тодруулахаар хоёр тусдаа дотоод сунгаа зохион байгуулж байгаа юм. Нийтдээ найман хүн өрсөлдөхөөр бичиг баримтаа хүргүүлснээс О.Цогтгэрэлийн АН-ын сунгаанд дөрөв, М.Тулгатын АН-ын сунгаанд дөрвөн хүн оролцохоо илэрхийлсэн.
Тухайлбал, О.Цогтгэрэлийн АН-ын дотоод сунгаанд Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат нар өрсөлдөхөөр болсон. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин О.Цогтгэрэлийн АН-ын сунгаанаас нэрээ татаж байгаагаа зарлажээ.
Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотороо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй" гэсэн байна.
Тэгвэл О.Цогтгэрэлийн АН-ын Дотоод сонгуулийн хорооноос УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сунгаанаас хасчээ. Түүнийг М.Тулгатын талын сунгаанд өрсөлдөж буй учраас хассан байна.
Ингээд Н.Алтанхуяг, С.Ганбаатар гэсэн хоёр хүн О.Цогтгэрэлийн АН-ын дотоод сунгаанд өрсөлдөж байгаа аж. Тэд дотоод сунгаа явуулахаас нэг хоногийн өмнө АН-д элссэн. Мөн Н.Алтанхуяг СХД-ийн намын анхан шатны байгууллагадаа бүртгэлгүй байсан нь илчлэгджээ.
С.Ганбаатарыг эсэргүүцэж, АН-ын жирийн гишүүд мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “ Ардчилсан Нам нь баруун төвийн либерал-консерватив үзэл баримтлалтай намын хувьд зүүний социалист чиг хандлагтай иргэнийг эгнээндээ багтаах орон зай байхгүй гэдгийг хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Мөн Ардчилсан Нам нь хэн нэгнийг өндөр албан тушаалд хүрэхэд нэг удаа хэрэглэгддэг шат биш бөгөөд үндэсний хэмжээний улс төрийн хүчний хувьд ёс зүйн нийтлэг шаардлагыг гаргасанд С.Ганбаатар нь тохирохгүй гэдгийг онцолж байна” гэжээ. Ийнхүү С.Цогтгэрэлийн АН-ын сунгаа будилаантай, булхайтай болж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ