АН-д ардчилал байна, харин эв нэгдэл л алга!

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

АН-д ардчилал байна, харин эв нэгдэл л алга!

АН-д ардчилал байна, харин эв нэгдэл л алга!

Хуулиар тавдугаар сарын 2-нд  парламентад суудалтай нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулсан байх ёстой.  Ардчилсан нам дүрэм ёсоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах дотоод сунгаагаа зарласны дагуу С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Х.Алтанхуяг, Л.Гүндалай, С.Ганбаатар нар өрсөлдөхөөр бичиг баримтаа хоёр талын Дотоод сонгуулийн хороондоо хүргүүлжээ.  Оролцогчдын тоо, хүсэл сонирхол, нас зүсийг нь харахад Ардчилсан намд ардчилал байна, байна.

Дөнгөж өчигдөрхөн Н.Энхбаяраас зам салснаа зарлаж, О.Цогтгэрэлээс намын батлахаа гардаж аваад ганцхан хонож байгаа С.Ганбаатарт хүртэл Ерөнхийлөгчид нэр дэвших “боломж” олдож буй талаас нь харахад Ардчилсан намд арай ч бас дарангуйлал тогтчихоогүй аж.  Гэвчиг малгай тавих толгойгүй болсон АН-ын нэг хэсэг нь  "Бодь цамхаг"-т нөгөө нь "Шонхор тауэр" дээр байрлаж буй юм. Сунгаа ахиад л хоёр талд явагдах нь.

   Ардчилсан нам дотоод асуудлаа цэглэж чадалгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгуультай золголоо. Хоёр толгойтой, хоёр тамгатай, хоёр нэр дэвшигчтэй…хоёр хуваагдсан АН. Улс төрийн хувьд энэ үйлдэл нь У.Хүрэлсүхэд бараг буугаад өгчихөж байгаатай адилхан үйлдэл юм.

“Хоёрхон сонголт”-оос Ерөнхийлөгчид нэр дэвшихийг илүүд үзсэн У.Хүрэлсүхийн уржигдархан хэвлэлд гарсан ярилцлагад “Ардчилсан нам сонин бишээ” гэсэн учир шалтгаан ч энэ биз. Хүний гэрт толгой хоргодож буй Ардчилсан нам төрийн эрхийг таван жил барьж яваа, мөнгөтэй, хүчтэй, том намтай өрсөлдөнө.

Сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намыг ялах нь Ардын намын 100 жилийн ойн мөрөөдөл. Иймээс л ИКС /Х/ үсгийг нь тэврүүлээд  намаасаа хөөчихсөн Н.Энхбаяртайгаа  хүртэл эвлэлдэн нэгдэв шүү дээ.

Засагт хоёр сайдын суудал, нэмэх нь Э.Батшугарыг СХД-ийн нөхөн сонгуулиар гишүүн болгох нь МАН хохиролтой ч наймаа биш. Гуравдугаар ээлжийн хоолонд орох гэсэн гурван хүн л гомдож үлдэнэ биз.

Улс төрийн том намын дарга, Монголын гүйцэтгэх засаглалыг, хууль тогтоох засаглалтай нь хамт хөшигний араас удирдаж суугаа У.Хүрэлсүх  парламентад суудалгүй болж үлдсэн Н.Энхбаяртай “эвцэлдэн” нийлэх болсон нь саналаа хуваахгүй, зүүний үзэлтэй гишүүд, дэмжигчдээ талцуулахгүй л гэсэн заль, мэх нь юм.

Ингээд парламентад суудалтай гурван нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй болж байна. Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигч МАН-ын гэхээсээ АН-ын саналыг хувааж оролцоно. Үүнийг улс төрд ёстой “хурандаа” болтлоо зүтгэж байгаа У.Хүрэлсүх тооцолгүй яахав. Тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд “ногоон гэрэл”-ээр нэр дэвших нь тодорхой болсон.  Үүнийгээ зарласан нь  “Шударга ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэх үг. Нэгэнт МАН-ын нэр дэвшигч тодорхой болсон харин Ардчилсан намын хар мянган горилогчийн хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхтэй болон ХҮН-ын нэр дэвшигчидтэй өрсөлдөх вэ. Ардчилсан намын үргэлжилсэн ялалтын буухиаг хэн хамгаалж чадах вэ. Үүнийг бид биш Ардчилсан намын 180 мянган гишүүд шийднэ. Даанч харамсалтай нь, хоёр талд, хоёр өөр хүнийг тодруулахаар болж байх шиг байна.

Товчхондоо, хоёр талаас хоёр дарга сонгогдсон шиг хоёр нэр дэвшигч тодорно. Хоёр нэр дэвшигчийнх нь материалыг бүртгэж авахгүй гэж Сонгуулийн ерөнхий хороо  шийдвэрлэнэ. Улсын дээд шүүхээс Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат хоёрын хэнийг нь ч бүртгэж аваагүй шиг хоорондоо, дотроо учраа ололц гээд явуулах биз.   Уг нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаас өмнө Ардчилсан нам дотоод асуудлаа шийдвэрлэх ёстой байв. Гэрээ засч чадаагүй хүмүүс төрөө яахин засах. Тиймээс эхлээд гэрээ засцгаа, Ардчилсан намынхаан! Дараа нь төрөө засахаа бод.

Асуудлаа шийдвэрлэж чадахгүйгээр сонгуульд оролцвол Ардчилсан нам амархан гэгч Ардын намын “хоол”  болно.  Ардчилсан намын хувьд амьд үлдэх сүүлчийн боломж нь эв нэгдэл юм.

Гадна талдаа Ардын нам эв нэгдэлтэй харагдаж байна. Гэвч тус намд ардчилал, хүний эрх алга. Тэгвэл Ардчилсан намд ардчилал, хүний эрх, эрх чөлөө бүгд байна. Даанч хуугаараа лааз өшиглөж гудамжинд яваа, УИХ-ын сонгуульд дараалан ялагдал амссан Ардчилсан намд "эрх чөлөө" нь ихдэж, эв нэгдэл нь багаджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж