АНУ-ын эрх баригчид ард иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулахын тулд вакцинжуулалтын цэг дээр сайн дураараа очсон хүмүүст үнэгүй шар айраг, жигнэмэг, хадгаламж, мөнгө, машины сугалаа зэргийг санал болгож байгаа гэнэ. АНУ-д вакцины эсрэг үзэлтнүүдийн тоо бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаагаас болж вакцинжуулалтын ажил удааширч, хэдэн долоо хоногийн дараа зогсч магадгүй болоод байна. Тиймээс эрх баригчид болон зарим компаниуд хамтран иргэдийг идэвхжүүлэхийн тулд дээрх сонирхолтой аргуудыг хэрэгжүүлж байгаа аж.
Жишээлбэл, Детройт хотод вакцин тариулахаар шийдсэн хүмүүст унааны мөнгө болгон 50 ам.доллар санал болгож байгаа бөгөөд дараа долоо хоногоос тараах мөнгөө барьсан ажилчид айл бүрийн хаалгыг тогшиж, вакцин тариулахыг ятгах гэнэ. Харин Чикагод эрх бригчид вакцинжуулалтын цэгүүд дээрээ үдэшлэг зохиох, үнэгүй үсчин, гоо сайхны салон ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн компаниуд вакцин хийлгэхээр шийдсэн ажилчиддаа цалинтай чөлөө амлах болсон байна. Тийнхүү ажилчиддаа цалинтай чөлөө олгож вакцинжуулалтыг дэмжсэн байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэхийг Ерөнхийлөгч Жо Байден тушаасан байна.
Түүнээс гадна Виржиниа мужийн эрх баригчид вакцин тариулсан иргэддээ 100 ам.долларын хадгаламжийн бонд өгч эхэлсэн аж. Энэ мэт эрх баригчдын санаачилсан урамшууллын аргыг зарим компаниуд дэмжин хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, Krispy Kreme вакцин тариулсан баримтаа үзүүлсэн хүмүүст нэг өдрийн турш үнэгүй жигнэмэгээр үйлчлэхээ мэдэгдсэн бол Кдивлэндийн кино театрууд вакцин тариулсан иргэдэд үнэгүй поп корн өгөх гэнэ.
Тэр байтугай зарим каннабис хэрэглээг хүлээн зөвшөөрсөн мужуудад эрх баригчид вакцин тариулсан хүмүүст тодорхой хэмжээний бэлдсэн каннабис тарааж эхэлсэн байна. Түүнчлэн Аляскад вакцин тариулсан хүмүүс нислэгийн тасалбар, тээврийн хэрэгсэл худалдан авах мөнгө, шатахуун эсвэл хүнс худалдан авах 500 ам.долларын шагналтай сугалаа сугалуулж байгаа аж.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ