"4 хүн тутмын 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

"4 хүн тутмын 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байна"

"4 хүн тутмын 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байна"

Хүний амьдралд хэд хэдэн суурь хэрэгцээ байдаг. Түүний нэг нь ажил хөдөлмөр эрхлэх. Нийгэмд хүн шиг амьдрахын тулд өөрийн хүссэн, хийж чадах мэргэжлээ эзэмшиж, түүнийхээ дагуу ажил хөдөлмөр эрхэлдэг. Ажил хийж, цалин авч, хүн өөрийн гэсэн санхүүгийн баталгаатай болно. Ажлын байр гэдэг идэвхтэй амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг чухал газар. Амжилттай, үр бүтээлтэй ажиллахад ажлын байрны орчин, хамт олны уур амьсгал чухал нөлөөтэй гэдгийг хэн хүнгүй л мэддэг. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд ажлын байрны дарамт, тэр дундаа бэлгийн дарамт нэмэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болжээ. Тэгвэл  Хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/  өнөөдөр /2021.04.30/  "Төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, хандлага, зан үйлийн төлөв байдлын судалгаа"-г танилцуулав. 

Уг судалгаа нь төрийн захиргааны албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох зорилготой бөгөөд нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын 3000 эмэгтэй албан хаагчийг хамруулсан байна.

Судалгаанд хамрагдсан дөрвөн  хүн тутмын 1 нь "Ажлын байрны бэлгийн дарамтад 1 болон түүнээс олон удаа өртдөг, өртөж байсан" гэж хариулсан нь энэ төрлийн дарамтын эсрэг дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай болсны илэрхийлэл юм.

Судалгаанд оролцогчид:

  • бэлгийн дарамтын агуулгатай хошигнол, онигоо
  • Өмссөн хувцас, биеийн хэлбэр галбираар тодорхойлж ярих
  • Таагүй санагдах байдлаар удаан ширтэх
  • Хүсээгүй байхад болзоонд урих
  • Зураг, дүрс бичлэг, зурвас явуулах
  • Биед нь хүрч илэх
  • Бэлгийн харилцаанд орохыг шаардах, дарамтлах зэргээс бэлгийн дарамтын агуулгатай хошигнол, онигоо ярих нь ажлын дарамтад орохгүй гэж 50 гаруй хувь нь үзжээ.

Судалгаанд оролцогчдын 26.9 хувь  нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн, 70 гаруй хувь нь хаашаа хандахаа мэдэхгүй байна гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 10 хүрэхгүй хувь нь асуудлыг шийдүүлэхээр албан ёсны субъектэд гомдол гаргасан ч удирдлагын зүгээс гомдлыг нь шийдвэрлээгүйн дээр эсрэгээрээ буруутгагдах, хамт олон дундаа тэвчиж үл болох харилцаа үүсэх зэрэг хүндрэл учирч буйг тоочин өгүүлсэн нь албан байгууллага дунд ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх, урьдчилан сэргийлэх таатай орчин бүрдээгүй болохыг харуулж байгааг ХЭҮК-ын гишүүд онцолж байв.

Тиймээс ХЭҮК-оос Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан төрийн албанд хэрэгжүүлэх дараах зөвлөмжийг боловсруулжээ. 

  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн захиргааны байгууллагууд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх бодлого, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж, ажилтнуудын мэдлэг ойлголтыг сайжруулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг байх;
  • Байгууллагын түвшинд ажлын байрны бэлгийн дарамтын тухай гомдлыг хүлээн авах, хариу арга хэмжээ авах, мэдээллийг нэгтгэх тогтолцоог төлөвшүүлэх үүднээс холбогдох зохицуулалт бүтцийг төлөвшүүлж хөгжүүлэхэд тууштай анхаарч ажиллаж, ахиц дэвшил гаргах;
  • Ажлын байрны бэлгийн дарамттай холбогдох судалгааны ажлыг гүнзгийрүүлсэн, нарийвчилсан асуудлын хүрээнд нэмж гүйцэтгэх, энэ чиглэлийн хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бүрдүүлж ажиллахад анхаарах;
  • Судлагдсан яам, газар агентлаг, аймаг нийслэлийн газар агентлаг, аймаг нийслэл, сум дүүргийн ЗДТГ-ын албан хаагч нарын өгсөн дараах бусад саналыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Дашрамд дурдахад, “Хөдөлмөрлөх эрхийн зарим  асуудал 2017” сэдэвт  судалгаанд  дурдсанаар "Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч амиа алдах, эрүүл мэнд, сэтгэл санаагаар мөн эдийн засгаар хохирох, ажлын байргүй болох, гэр бүл, хамт олон нь буруутгах, оршин суугаа газартаа  ч нэр хүндгүй болох зэрэг олон эрсдэлийг үүрдэг. Мөн нийгмийн хандлага хохирогчийг буруутгадаг байдал зонхилж байгаа нь энэ талаар иргэдийн ойлголт, мэдээлэл хангалтгүй мөн жендэрийн тогтсон хэвшмэл ойлголтууд ч нөлөөтэй" гэдгийг дурджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж