АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт хамгийн удаан үргэлжилж буй Афганистаны дайныг төгсгөж, бүх цэргээ татахаар болсноо зарласан билээ. Түүний мэдээлснээр хамгийн сүүлийн ээлжинд үлдсэн цэргүүдийг тавдугаар сард багтаан татаж, Афганистаныг бүрмөсөн орхих аж. Гэвч америк цэргүүд нутаг буцах сургаар талибанчуудын үйл ажиллагаа эрчимжиж эхэлсэн байна. Тиймээс өдгөө Афганистаны цэргүүд АНУ-аас сурсан эрдмээрээ өөрсдөө талибанчуудтай байлдахаас өөр аргагүй болж, бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Сүүлийн үед америк цэргүүд нутаг буцах сургаар талибанчууд идэвхжиж, газар нутгаа тэлж, хаа сайгүй тарцгааж байгаа аж. Улмаар Афганистанд газраар тээвэр хийх маш аюултай болж, ихэнх тохиолдолд цэргүүдийг нисдэг тэргээр зөөж байна. Мөн нөгөө талаар америк цэргүүд нутаг буцахаасаа өмнө афган цэргүүдэд мэддэг, чаддаг бүхнээ заан сургаж байгаа аж.
Өмнө нь АНУ цэргүүдээ татах эцсийн хугацааг тавдугаар сарын 1-н хэмээн тогтсон байв. Гэвч тус тохиролцоондоо хүрээгүйн төлөө Талибаны зүгээс арга хэмжээ авахаар бэлдэж эхэлжээ. Харин АНУ-ын зүгээс Талибаны болзошгүй дайралтад бэлэн байж, цэргүүдээ аюулгүй татахын тулд цэрэг, техникийнхээ хүчийг нэмэгдүүлэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.
Америк цэргүүдийг нутаг буцмагц талибанчуудаас иргэдээ хамгаалах үүргийг АНУ-ын сургалтанд хамрагдан өндөр түвшинд бэлтгэгдсэн Афганистаны тусгай салааны цэргүүд хүлээн авч үлдэж байгаа юм. Улмаар өдгөө афганистанчуудад АНУ-ын тусламжаас өмнө удаан хугацаанд үйлчилж байсан шашны хатуу хууль эргэн сэргэж, арай хийн олж авсан эмэгтэйчүүдийн эрх эргээд алга болох вий гэсэн айдас тулгарч байна. Афганистаны тусгай албаны цэрэг эмэгтэй Марофа “Талибанчууд Афганистаны засгийн газрыг удирдах боломжгүй. Хэрвээ оролдвол бид эцсээ хүртэл тэмцэх болно” хэмээн ярьжээ.
Трамп, Байден хэн хэн нь Афганистанаас цэргүүдээ татахаар шийдсэн нь Афганистаныг Аль Кайда тэргүүтэй алан хядах бүлэглэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх газар нутаг байхаа больсон гэх итгэлтэй холбоотой юм. Гэвч Афганистаны талаас талибанчуудыг алан хядах бүлэглэлүүдтэй нягт холбоотой ажилладаг хэмээн сэрэжлүүлсээр байна. Ялангуяа Афганистаны батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч генерал Мухаммед Ясин Зиагийн хэлж байгаагаар Аль Кайда, Таүлибан хоёр бол ах дүүс мэт дотно холбоотой бүлэглэлүүд аж.
Мөн афганистан цэргүүд америкчуудыг нутаг буцахад 20 жил мөр цэрэгцэн тулалдсан нөхөрлөлөө маш их үгүйлнэ хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Генерал Зиа “Бид бүх хүчээрээ тулалдах ёстой. Өөр сонголт үгүй. Талибанчууд бидний эсрэг байлдсаар байвал бидэнд өөр арга байхгүй. Одоогийн нөхцөл байдлаас харахад талибанчууд зогсох бодолгүй байгаа бололтой” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: CBS NEWS
Холбоотой мэдээ