Макс групп болон “Сүү” ХК-ийн зүгээс Төв аймгийн ЗДТГ-тай сүү бэлтгэн нийлүүлэлтийн орчин үеийн дэвшилтэт хоршоо байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт онлайнаар үзэглэлээ.
Боловсруулах үйлдвэрт сүү нийлүүлдэг бэлтгэн нийлүүлэгч фермерүүд хоршооны зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаагаа эрхэлснээр санхүүгийн үр өгөөж нэмэгдэх, хөгжих, сүүний чанар сайжрах, цаашлаад орон нутгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх гэх зэрэг олон харилцан давуу тал, ач холбогдолтой юм.
“Сүү” ХК 2020 онд анхны жишиг хоршоо болох “Ар Гүнт Марцад” хоршоог сүүний чиглэлийн 13 фермертэй хамтран байгуулж байсан бол өнөөдөр 17 фермер болж нэмэгдээд байна. Компанийн зүгээс хоршоонд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлдэж өгснөөр хоршоо өмнөхөөсөө 2,5 дахин их, мөн илүү чанартай сүүг үйлдвэрт нийлүүлж, үйл ажиллагаа нь жигдрэн, бусад сүүний ферм эрхлэгчдэд зөвлөгөө өгөн амжилттай ажиллаж байна.
Фермерүүдийг хоршоожуулах уг төсөл нь Улаанбаатар хотын ойролцоох 1000 гаруй малчид фермерүүдийг нэгтгэн 60 гаруй хоршооны зохион байгуулалтад оруулах зорилготой юм. “Сүү” ХК-ийн хувьд 2020 онд сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүдээсээ 18,9 сая литр сүү татан авч 17,8 тэрбум төгрөгийн орлогыг малчдадаа бүрдүүлсэн. Үүнээс гадна, үнэнч бэлтгэн нийлүүлэгчдээ урамшуулж, 2020 оны турш үйлдвэрт сүүгээ тогтвортой нийлүүлсэн 1200 гаруй фермерт “Сүү” ХК-ийн хувьцаа бэлэглэхээр шийдвэрлээд байна.
2020 оны гүйцэтгэлээр МУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 8 том сүүний үйлдвэр 171 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулсан нь өмнөх оныхтой харьцуулахад 5%-аар өссөн үзүүлэлттэй байна. Хүн амын өсөлт, ковидоос сэргийлэх дархлаа дэмжигч бүтээгдэхүүний хувьд сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт жил ирэх тусам нэмэгдэж, зах зээл дунджаар 10% өсөж байна.
Холбоотой мэдээ