70 мянган төгрөгөө авахын тулд бичиг баримтын зөрчилгүй байх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

70 мянган төгрөгөө авахын тулд бичиг баримтын зөрчилгүй байх ёстой

Иргэн бүрт 70 мянган төгрөг олгохтой зэрэгцээд иргэний бүртгэлээ цэгцлэх гэж ажил эхэлж буй. Дээрх мөнгийг эхний удаад бүртгэл нь будилаангүй хэмээн хүүхэд хөгшдөд олгосон. Тиймээс дараагийн “ээлж”-нийнхэнд мөнгийг олгохын тулд бүртгэл баримтаа цэгцлэх ажил ундарч байна. Тухайлбал, улс даяар бичиг баримтын зөрчил арилгах сарын аян зарлаад буй юм. Энэ ажил ямар явцтай байгаа талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын бүртгэл мэдээллийн тасгийн иргэний үнэмлэхний бүртгэл хариуцсан мэргэжилтэн
Ж.Пүрэвдуламаас тодрууллаа.

-Иргэний баримт бичгийн зөрчил арилгах сарын аян эхлээд  15 хонож байна. Энэ ажил ямар төвшинд явна вэ?

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд  өнөөдрийн байдлаар 111 ажлын хэсэг ажиллаж, нийт 34027 өрхийн 133548  иргэнээс  14814 өрхийн 59426 иргэн хамрагдаад байна. Иргэний баримт бичгийн 1639 зөрчил илэрснээс 807  зөрчлийг  арилгаад байна.

-Ямар зөрчил зонхилж байна вэ?

-Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан, иргэний баримт бичигт тухайн иргэний ургийн овог, эцгийн/эх/-нэр, нэр  зөрсөн,  буруу бичсэн, үсгийн зөрүүтэй. Мөн хаягийн бүртгэлийн 770 зөрчил илэрлээ.

-Яагаад ийм их хаягийн бүртгэлийн  зөрчил илэрч байна бэ?

-Орон нутгийн шилжүүлэггүйгээр  оршин сууж байна. Түүнчлэн өөр дүүргээс шилжиж ирээд  хаягийн бүртгэлээ хугацаанд нь  хийлгээгүй, хаягийн наалтаа хуулсан мөн хороон доторх хаягийн өөрчлөлт их байна. Үүний шалгаан нь хаягжилт тааруу, мөн айл өрхүүд хашаагаа хуваасан, өрх тусгаарласан зэргээс шалтгаалан хаяг өөрчлөгдөх тохиолдол багагүй хувийг эзэлж байна.

-Иргэний үнэмлэх огт аваагүй хүмүүс шинээр үнэмлэхээ хэрхэн авах вэ?

-Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн 16 нас хүрмэгц 30 хоногийн дотор  оршин сууж буй тухайн хороогоороо уламжлан дүүргийн бүртгэл мэдээллийн тасагт хандах шаардлагатай. Тухайн иргэнийг нотлох сургуулийн болон хорооны тодорхойлолт, төрсний гэрчилгээ, эцэг, эхийн иргэний үнэмлэх, регистриийн дугаартай зураг,  төлбөр төлсөн баримтын хамт өөрийн биеэр ирж баталгаат гарын үсгээ зурах шаардлагатай. Иргэний үнэмлэх авах хугацаа хэтэрсэн бол нэмэлт материал бүрдүүлнэ.

-Иргэний үнэмлэхний хүчинтэй хугацааг  25, 45 насандаа сунгуулах шаардлагатай. Гэвч дээрх сунгалтаа хийлгээгүй иргэдэд банк, санхүүгийн байгууллага үйлчлэхгүй байна гэсэн гомдол  байна. Ийм зөрчилтэй  иргэдэд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Тийм ээ. 25,45 нас хүрмэгц 30 хоногийн дотор сунгуулах шаардлагатай. Эмнэлэг, банк, санхүүгийн байгууллага зэрэг бүх л байгууллагуудад хүчингүй иргэний үнэмлэхээр үйлчлэхгүй болсон.  Иргэний үнэмлэхний хүчинтэй хугацааг сунгуулах хугацаа хэтэрсэн тохиолдолд нийслэлийн бүртгэлийн газрын 104 тоотод хандаж хяналтын улсын  байцаагчаар  торгуулийг шийдвэрлүүлнэ.  Торгуулийн хэмжээ хугацаанаас шалтгаалах ба  хэмжээг нь  улсын байцаагч тогтоох эрхтэй.

-Иргэний баримт бичгийн зөрчил арилгах аянд хэчнээн төгрөгийн хөрөнгө зарцуулж байгаа вэ?

-Иргэний баримт бичгийн үзлэг шалгалтыг зохион байгуулахад шаардагдах төсөв хөрөнгө  сая 598 мянган төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж өгсөн.  Дээрх хөрөнгийг алслагдсан айл өрхтэй хороодод очих шатахуун, дүүрэг хороодод  бичгийн хэрэгсэл, комьпютер, принтер, хор авах болон хэсгийн ахлагч нарын бичиг хэргийн зардалд зарцуулж байна.

-Ирэх сарын 1-нээс эх орны хувь хишиг 70 мянган төгрөгийг хөдөлмөрийн насны хүмүүст  олно гэсэн. Тэгэхээр бичиг баримтын зөрчилгүй байх ёстой,  тийм үү?

-Тийм ээ, нэн тэргүүнд дээрх хүмүүс иргэний баримт бичгийн  зөрчилгүй байх шаардлагатай.  Иргэний баримт бичгийн зөрчилгүй иргэд маань   оршин суугаа  үндсэн хаягаараа хорооны халамжийн мэргэжилтэн,  дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний  хэлтэст хандана. Иргэдээ баримт бичгийн зөрчил арилгах ажилд идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. Иргэнийн бүртгэлийн ажил цэгцрэх, хүн амын тоо, бүртгэл танаас шалгаална шүү. Зөрчилтэй иргэд энэ сард зөрчлөө амжиж  арилгахыг зөвлөмөөр байна.  

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж