Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2021.04.30/ мэдээллээ хийлээ.
Өчигдөр нийт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Үүнээс нийслэлд 1190, орон нутагт 138, гадаад улсаас ирсэн 28 хүнээс халдвар илэрсэн байна. Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас баржээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19642, нас барсан хүний тоо 110-д хүрээд байна.
COVID-19-ИЙН УЛМААС НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН ТУХАЙД:
- Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 61 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 67 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 73 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 48 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 24-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 32 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 84 настай эмэгтэй нар эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.
Өнөөдрийн байдлаар нийт 4746 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 2591, хүндэвтэр 1579, хүнд 464, маш хүнд 112 хүн байна. Сүүлийн 24 цагт Дарханд шинээр 35 тохиолдол, Эрдэнэт 4, Ховд 14, Говь-Алтай 21, Төв аймаг 21, Завхан 10, Сэлэнгэ 19, Архангай,Сүхбаатар, Өвөрхангай, Дорноговь аймгуудад хоёр тохиолдол, Хэнтий, Хөвсгөл Дорнод, Баянхонгор аймгуудад нэг тохиолдол тус, тус бүртгэгджээ.
II ТУНГ 7058 ХҮН ХИЙЛГЭЖЭЭ
Сүүлийн 24 цагт 57103 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Нийслэлд вакцины нэгдүгээр тунг 655536 хүн, хоёрдугаар тунг 310193 хүн хийлгэжээ. Харин орон нутагт нэгдүгээр тунг 155944, хоёрдугаар тунг 17058 хүн буюу нийт 1730002 хүн хийлгэсэн байна.
НАСНЫ БҮЛГЭЭР НЬ АВЧ ҮЗВЭЛ:
- 18-19 нас 23641
- 20-29 нас 229980
- 30-39 нас 303167
- 40-49 нас 234726
- 50-59 нас 200482
- 60-69 нас 105234
- 70-79 нас 32138
- 80-84 нас 5877
- 85-аас дээш 2439 вакцинжуулалтад хамрагджээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Гэрээсээ эрчимт эмчилгээнд орохоор түвшний хүнд байдалтай ирэх нь эрсдэл дагуулж байна. Хүнд, нэн хүнд хүмүүсийн тоо өдрөөс, өдөрт нэмэгдэж байна. Тиймээс ЭМЯ-ны зүгээс нас баралт, хүндрэлээс сэргийлэх цогц арга хэмжээнүүдийг авч байна. Өөрөөр хэлбэл, хүндрэхээс нь өмнө эмчлэх тактик руу шилжсэн. Нэгдүгээрт, зорилтот бүлгийг аль болох богино хугацаанд вакцинд хамруулах ажил нэн тэргүүний ажил. Энэ хүрээнд зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамрагдалт 40-42 хувьтьай, хоёрдугаар тунгийн хамрагдалт 15-20 хувьтай байна. Хоёрдугаарт, зорилтот бүлгээс хүндрэх, нас барах эрсдэлтэй хүмүүст дархлаажуулалтын багц болон вирусийн эсрэг эмчилгээг урьдчилан сэргийлэх хэлбэрээр хийхээр төлөвлөж байна. Гуравдугаарт, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Одоогоор 200 гаруй эрчимт эмчилгээний орыг нэмэлтээр дэлгэн хүмүүсээ аваад эмчилж байна. Орон нутагт нийтдээ 3000 орчим ор дэлгээд байгаа. Орон нутагт 4000 орчим хүн халдвар авсан ч одоогоор 1000 орчим хүн эмчилгээ хийлгэж байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл зөвхөн орон нутагт 7700 хүртэл ор дэлгэх төлөвлөлт хийсэн. Харин нийслэлийн хэмжээнд 30 эмнэлэгт тусламж үйлчилгээг үзүүлж байна. Covid-19 халдвар нь уушгийг гэмтээдэг учраас хүчилтөрөгчийн хэрэгцээ чухал. Тиймээс хүчилтөрөгчийн хангамжийг үе шаттай нэмэгдүүлж байна.
Нийслэлд байгаа 3 үйлдвэрийн өдөрт гаргаж байгаа хүчилтөрөгчийн хэмжээ одоогийн байдлаар хангалттай хэмжээнд байгаа. Зөөврийн хүчилтөрөгчийн хангамж ч хангалттай.
ХӨСҮТ дээр хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон. 1000 амьсгалын аппарат бий. Өчигдрийн байдлаар эмнэлгийн 5336 хүн эмчилгээ, тусламж үйлчилгээн дээр ажилласан. Энэ бол зөвхөн улаан бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн тоо бөгөөд ер нь бол Covid-19 халдварын тусламж үйлчилгээнд ажиллаагүй эрүүл мэндийн ажилтан бараг байхгүй. Улсын 1,2,3 дугаар эмнэлгүүдийн тодорхой хэсэгт тусгаарлах байр гаргаж, зайлшгүй шаардлагатай маш хүнд өвчтнүүдэд эмнэлгий тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хүндрэл, нас баралтаас сэргийлэхийн тулд гуравдугаар шатлалын эмнэлгүүдийг дайчлахаас өөр аргагүй байна. Үндсэн тусламж үйлчилгээн дээр асуудлууд үүсч байгаа ч хөл хорионы үед эмнэлэг зорих иргэдийн хөдөлгөөн багассан. Гэхдээ хөл хорио суларсны дараа эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэх учраас зохицуулалтыг тухай бүрд нь хийгээд явна. Өвдөхгүй байх боломж хүн бүрт бий. Тиймээс ЭМЯ-аас өгч байгаа зөвлөмжийг дагахаас гадна Covid-19 халдварт битгий дасаач ээ. Хайнга хандаж болохгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд нас барсан хүмүүсийн тооноос харж болохоор байна. Тиймээс вакцинжуулалтад идэвхтэй хамрагдан, халдвар хамгааллын дэглэмээ сахивал энэ өвчнийг хохирол багатай даван туулах боломж бий” гэлээ.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, April 29, 2021
Холбоотой мэдээ