“Айл бүрт дулаан уур амьсгал, эерэг хандлагыг мэдрүүлэхийг хүссэн”

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

“Айл бүрт дулаан уур амьсгал, эерэг хандлагыг мэдрүүлэхийг хүссэн”

“Айл бүрт дулаан уур амьсгал, эерэг хандлагыг мэдрүүлэхийг хүссэн”

“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Б.Содмягмар, Уранхолбоо нарын зарласан “Бүжгээр дархлаагаа дэмжье” чалленжид гэр бүлээрээ бүжиглэж, олон хүнд эерэг хандлагыг түгээж чадсан хоёр гэр бүл шалгарсан юм. Тэгвэл цар тахал дэгдсэн энэ үед гэр гэртээ байж, бүжгээр дархлаагаа дэмжихийг уриалсан М.Гантөмөрийн гэр бүлтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.


-Гэр бүлээ уншигчдад маань танилцуулахгүй юу. Их авьяаслаг гэр бүл байна лээ?

-Сайн байна уу. Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Миний ханийг М.Гантөмөр гэдэг. Гурван хүү, нэг охинтой өнөр өтгөн айл даа. Харин намайг Ц.Сарантуяа гэдэг. Бүжиг заах арга зүйч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байна.  Том хүү Төгөлдөр маань Нийслэлийн боловсролын Үй-Цай бүрэн дунд сургуулийн төгсөх анги, дунд хүү Гарьд нь Нийслэлийн лаборатори 93-р дунд сургуулийн 10-р ангид суралцдаг. Харин манай бага хүүг Хангарьд гэдэг.

-Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд гэр бүлээрээ бүжгийн чалленжид оролцож, олон хүнд эерэг хандлагыг түгээсэн. Тус бүжгийн чалленжид яагаад оролцох болсон бэ?

-Хөл хориотой үед эерэг хандлагыг түгээж, айл бүрт халуун дотно уур амьсгалыг мэдрүүлэхийг хүссэн. Анх бага хүү маань бүжгийн чалленжид оролцох саналыг гаргасан.  Биднийг маш олон хүмүүс чин сэтгэлээсээ дэмжиж, эерэг сэтгэгдэл илгээсэн байсан. Тэр бүх сэтгэл сэргэм сэтгэгдлүүдийг хараад манай гэр бүл үнэхээр их урам авсан шүү.

Бага хүү нь чалленжид оролцох хүсэлт гаргасан юм байна. Хүүгийнхээ гаргасан саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ?

 Бага хүү маань оролцох санал гаргаад  хоёр ахаасаа гуйсан боловч эхэндээ зөвшөөрөөгүй юм. Тэгэхэд нь бага хүү маань том ахдаа  "Та надад хичээлээ сайн хийх хэрэгтэй.  Залуу хүн олон орноор аялах хэрэгтэй гэж хэлсэн биз дээ" гэж өөрийнх нь хэлсэн үгийг хэлэхэд ах нар нь зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Тэгээд л  бид гэр бүлээрээ бүжгээ бэлдэж оролцсон доо.

Танай гэр бүлийн бүжиглэх авьяасыг хүмүүс их сайшаасан байна лээ. Тэр тусмаа гурван хүү нь үнэхээр бүжгийн эвсэлтэй харагдсан. Бүжгээр хичээллэдэг үү?

-Том хүүгээс бусад нь орчин үеийн бүжгийн төрлөөр хичээллэдэг юм. 2021 онд бүжгээр дархлаагаа дэмжье чалленжид нэгдэж, гэр бүлээрээ ялагч болсон маань сайхан дурсамж болж үлдлээ.

-Бүжгээр дархлаагаа дэмжье уралдаанд оролцохдоо хэр хугацаанд бэлдэж, бэлтгэл хийсэн бэ. Бүжгээ давтах явцад хөгжилтэй зүйл их гарав уу?

-Хоёр цаг орчим бүжгээ бэлдсэн. Бичлэгээ хийж эхлэх үед алдаа гаргах, бага охин маань бүжиглэх гээд дундуур орж ирэхээс эхээд хөгтэй зүйл их болсон доо /инээв/.

-Бүжгийнхээ бичлэгийг гэртээ хийсэн байх. Их л олон шагнал нүдэнд өртөөд амжсан?

-Том хоёр хүүгийн маань сургуульдаа гаргаж байсан урлаг, спорт болон сурлагын шагналууд байгаа юм.  Мөн нөхөр бид хоёрын шагнал урамшууллууд цуг бий. Нөхөр бид хоёр дартсын спортоор хичээллэдэг.

-Цар тахал нэг талаар хүмүүсийн ажил, амьдралд хүндрэл үүсгэж байгаа боловч нөгөө талдаа гэр бүлтэйгээ цагийг илүү ойр өнгөрөөх боломжийг олгож байгаа байх. Өмнө нь хэр их хугацааг гэр бүлийнхэнтэйгээ цуг өнгөрүүлж чаддаг байсан бэ?

-Тийм ээ. Цар тахал хүмүүсийн амьдралд бага, их гэлтгүй тодорхой хэмжээнд хүндрэл учруулж байгаа нь үнэн. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ гэртээ эрүүл энх, өвчин зовлонгүй аз жаргалтай байх нь илүү чухал. Мэдээж санаа зовох зүйл байлгүй л яах вэ. Жишээлбэл, төгсөх ангийн хүүгийн маань хувьд маш хариуцлагатай цаг тулчхаад байна шүү дээ. Харин дөнгөж сургуульд орсон хүү маань хоёр жил теле хичээлээр сурч байна. Тэр байтугай “Сургуульдаа очихоор л жинхэнэ сурагч болно” гэж ярьж байгаа нь инээдтэй хэдий ч эмзэглэхүйц асуудал юм шиг санагдах болсон. Урьд нь ийм урт хугацаанд гэр бүлдээ цаг хугацааг зарцуулж чаддаггүй байсан. Гэсэн хэдий ч энэ цаг үед халуун ам бүлээрээ байх нь хамгийн эрхэм нандин зүйл гэдгийг бүр илүү мэдэрч байна даа.

-Танай гэр бүлийн өдөр бүрийн амьдралын хэв маяг ямар байдаг вэ?

-Урин дулааны цаг ирсэн болохоор өглөө долоон цагт босч хүмүүс бага үед салхилдаг. Тэгээд л өглөөний цайгаа ууж, онлайн хичээлдээ хүүхдүүд маань сууцгаана. Ер нь нөхөр бид хоёр чадах зүйлээрээ хүүхдүүдийнхээ сонирхлыг дэмжихийг хүсдэг. Хөл хорионы үед ч цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор хэрэглэсэн бичгийн цаасыг ашиглан бага хүүтэйгээ цуг бүтээл хийж байгаа. Хүү маань их л дуртай байгаа. Мэдээж гэртээ өдрийг өнгөрүүлж байгаа учраас дасгал хөдөлгөөн их чухал шүү дээ. Би онлайнаар найзуудтайгаа дасгал хөдөлгөөн хийж, харин хөвгүүд маань тус тусдаа бие бялдраа хөгжүүлж байгаа. Хөгжим сонсож тайвширч, дасгал хөдөлгөөн хийх нь хүний цусны эргэлт сайжруулдаг. Иймээс энэ цаг үед дархлаагаа дэмжих хамгийн тохиромжтой арга нь бүжиг юм уу даа гэж харсан.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад маань хандан юу хэлэх вэ?

-Ганц олдох энэ л амьдарлаа бид нандигнан, хайрлаж хамгаалах  хэрэгтэй. Тиймээс Covid-гүй зуны төлөө бүгд гэр гэртээ байж, дархлаагаа дэмжиж эрүүл энх аз жаргалтай амьдралын төлөө бүгд дор бүрнээ хичээцгээе гэж хэлмээр байна.

Манай гэр бүлийн зүгээс Уранхолбоо & Содмягмар нарын зарласан challenge-д нэгдэж байнаКовидгүй зуны төлөө гэртээ байцгаая🇲🇳🇲🇳#БүжгээрДархлаа ❤️ #карантин2021 ❤️ #ГэртээХөгжилтэй ❤ #Карантин14❤ #ChallengeAccepted ❤#dancechallenge

Posted by Sarantuya Tsagaankhuu on Wednesday, April 21, 2021

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж