Улсын Онцгой комиссын ээлжит хурал өчигдөр цахимаар хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Хурлаар covid-19-ийн халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл сонсч, дархлаажуулалтын явц, вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар тус тус хэлэлцэж, гишүүд санал солилцсон байна.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахаар болжээ. БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжлүүлэх бөгөөд нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт, 18-аас дээш насны иргэдийг харъяалал харгалзахгүй вакцинжуулж байна.
Хилийн боомт орчмын орон нутаг дахь иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа хийлгэж, 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэжээ. Харин 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг гаргасан байна.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ