Хар тамхичдын золиос хараа хяналтгүй хүүхдүүд!

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Хар тамхичдын золиос хараа хяналтгүй хүүхдүүд!

Хар тамхичдын золиос хараа хяналтгүй хүүхдүүд!

“Өвсийг татаж эхэлсэн тэр өдрийг би үзэн ядаж байна. Хэрэв болдогсон бол би амьдралаа шинээр эхлэх юмсан. Даанч цаг хугацааг ухраах боломжгүй нь харамсалтай. Хэрэв би эцэг хүн байсан бол хүүхдэдээ дэмий зүйлд цаг хугацаа зарцуулахаас нь өмнө  эртхэн анхааруулах байсан. Надад энэ амьдралаас авах аз жаргал алга. Намайг уучлаарай” гээд хоёр жилийн өмнө 19 настай хүү гэрээслэл бичээд амиа хорлосон байдаг. Талийгаач шиг анх сониучирхан хэрэглэж үзсэнээр хар тамхины хар ангал руу унасан  хичнээн өсвөр үеийнхэн, залуус нийгэмд байгааг таашгүй.

2021 онд 16-19 насны 12 хүүхэд мансууруулах бодис хэрэглэж, цагдаад шалгагджээ. Үүнээс 10 хүүхдийн ар гэрийн хараа хяналт сул байсан байна.  Өөрөөр хэлбэл, хагас болон бүтэн өнчин эсхүл ээж, аав нь  ээлжийн ажил хийдэг байжээ. Тиймээс эцэг эхчүүд  хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах  нь хамгаас чухал байгаа юм. 

Өсвөр үеийнхний мансууруулах бодис хэрэглэдэг шалтгаан дээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 2018 онд  анализ хийхэд “найз нөхдийнхөө дунд байх, тэдэнтэй найз болох гээд” гэх мэт хариултыг ихэвчлэн өгч байжээ. Харин энэ онд Цагдаагийн байгууллагаас зорилтот бүлэг буюу 18-25 хүртэлх насны хүүхэд, залуучууд дунд хар тамхины хэрэглээ, ойлголтыг тандах судалгаа хийхэд “Сонирхоод ганц л үзсэн”, Найз маань хэрэглээд үзэхийг санал болгосон” зэрэг бусдын нөлөөнд автсан гэх шалтгаанууд зонхилсон байна.

ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГ ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙГООР БУУРСАН

Нийслэлийн Прокурорын газраас 2021 оны эхний улирлын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой  нийт 138 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 11 хэргийг хааж, 46 хэрэгт яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс Улсын хэмжээнд нийт 51 хүнийг энэ хэрэгт яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгаа нь өмнөх оны мөн үеэс буурсан тоо үзүүлэлт боловч  эрэлт, хэрэгцээ, гэмт хэрэг бодитой буурсан бус  хөл хориотой  холбоотой гэж дүгнэхээр байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн насны хувьд 16-17 насны гурав, 18-24 насны 24, 25-29 насны 11, 30-34 насны найман иргэн байгаагаас харахад дээр хэлсэнчлэн өсвөр болон залуу насныхан холбогдсон тохиолдол өндөр байгаа юм. Тэгвэл өсвөр үеийнхний хар тамхинд татагдах сэдэл юу вэ?

ХОББИ, СОНИРХОЛГҮЙ  БОЛ МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИСТ ДОНТОХ МАГАДЛАЛ ӨНДӨР

МУИС-ын Боловсрол, сэтгэл судлал тэнхимийн багш Х.САЙНСАНАА:

-Хүн 25 хүртлээ бие хүний төлөвшил, тархины хөгжил, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотойгоор байр сууриа олдог буюу ерөнхийдөө 25 насанд хүрсэн хүнийг нас биед хүрлээ гэж үздэг. 25 хүртэлх насны хүмүүс  ихэнх тохиолдолд ямар нэгэн нөлөөлөлд автаж буруу зан үйлтэй болох нь бий. Тиймээс ч хар тамхинд орох магадлалтай эрсдэл бүлэгт 18-25 өсвөр насныхан багтдаг. Үүнд хэд, хэдэн шалтаан бий. Тухайн хүүхдийн гэр бүлийн нэг гишүүн нь хэрэглэдэг бол  тэрийг харсан хүүхэд  асуудлыг шийдэх гаргалгаа нь мансуурах юм байна гэж бодно. Энэ нь маш том эрсдэл.

Үүнээс гадна суурь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал, эсвэл цаашлаад анхаарал халамж дутмагшлын эмгэг илэрсэн тохиолдолд хүүхэд буруу зүйлд татагдах нь элбэг байдаг.

Нэгэн туршилтаас дурдахад, лабораторийн  хоёр хулганы нэгийг  жижигхэн хоосон хайрцган дотор хийгээд нөгөөг нь зай талбай ихтэй, тоглож болохуйц тоглоомтой газар байлгасан. Хоёр хайрцагны үүд хэсэгт нь морфины агууламжтай устай аягыг  тавьсан. Гэтэл ганцаараа хоосон хайрцганд байсан хулгана их хэмжээгээр морфинтой усыг уусан.  Үүнээс дүгнэхэд  хобби, сонирхолгүй  хүн мансууруулах төрлийн бодист донтох магадлал өндөр байгааг харуулж байгаа юм. Хүчтэй мансууруулах бодис архинаас 60 дахин илүү хамааралд оруулдаг гэх олон улсын судалгаа бий.

НЭГЭНТ ДОНТОХ ЭМГЭГИЙН ГОЛОМТ ҮҮСЧИХВЭЛ ТЭР ХҮНИЙ ТАРХИНД НАСАН ТУРШИД НЬ ҮЛДДЭГ

СЭМҮТ-ийн их эмч Ж.ГАНТУЛГА:

-Өсвөр насны хүүхдүүд, залуучууд сонирхох, хэн нэгний үйлдлийг даган дуурайж уруу татагдах зэргээр мансууруулах бодист автаж болно. Нөгөө талаас хар тамхины хор уршгийг таньж мэдээгүйгээс болж бусдын ятгалгад автан донтох эмгэгт өртөх эрсдэлтэй. Донтох эмгэг үүсгэж байгаа бодис маань хүний бүхий л эд эрхтэн тогтолцоонд нөлөөлнө. Хамгийн аюултай нь уураг, тархи мэдрэлийн тогтолцоонд хүчтэй нөлөөлдөг.Мансууруулах бодисыг сонирхоод нэг хоёр удаа хэрэглэсэн байна уу, донтох эмгэгт өртсөн байна уу, ямар төрлийн бодис хэрэглэснээсээ хамаараад эмчлах арга өөр, өөр байна. Донтох эмгэг үүснэ гэдэг нь хүний уураг тархинд бүтцийн өөрчлөлт оруулдаг. Нэгэнт донтох эмгэгийн голомт үүсчихвэл тэр хүний тархинд насан туршид нь үлддэг. Хэзээ ч алга болно гэж байхгүй. Эмчилгээ хийгдээд засралын байдалд ордог.

Тэр хугацаа нь зургаан сар, арван жил, насан туршдаа ч хэрэглэхгүй байж болно. Гэхдээ насан туршдаа энэ эмгэгийн голомт хадгалагдаж, эрсдэлтэй амьдарна л гэсэн үг. Тухайн бодисоо хэрэглэхгүй удахаар бие болон сэтгэлзүйд таагүй өөрчлөлт, мэдрэмж төрж эхэлж байвал эрхшээлд нь орсон гэсэн үг. Нөгөө бодисоо аваад хэрэглэчихээр хэсэг хугацаанд шарталт нь тайлагдаад тайвширна. Удахгүй бие нь дахиад л нэхэж эхэлснээр амьдын тамд унаснаас өөрцгүй. Донтох эмгэгтэй болчихсон хүний хувьд мансууруулах бодис хэрэглэхгүйгээр тэсч явах нь тухайн хүнээс асар их зориг тэвчээр, хичээл зүтгэл шаарддаг. Үүнийг давж гарах хүний тоо цөөн байдаг учраас мансууруулах бодисоос хол явах нь зөв.   Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүмүүсийг нь анзаарч, чөлөөт цагаа хаана юу хийж өнгөрүүлж байгааг нь мэдэх нь чухал. Энэ бүхнийг эцэг эхчүүд анзаарч, хүүхэдтэйгээ ойр байж, сайн ярилцаж байх хэрэгтэй. Мансууруулах бодисын хамааралтай болсон хүүхэд, залуусын эдийн засгийн хэрэглээ эрс нэмэгддэг.

70 ГАРУЙ СЭЖИГТЭН, ХОЛБОГДОГЧТОЙ  ХАР ТАМХИНЫ 11 БҮЛГИЙГ ИЛРҮҮЛЭН  ШАЛГАЖ БАЙНА

Ерөнхийдөө 11 жилийн өмнө Монгол Улс хар тамхи дамжин өнгөрүүлэгч орон байсан бол өнөөдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчийн төвшинд үнэлэгдэх болжээ. Цагдаагийн байгууллага 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 70 гаруй сэжигтэн, холбогдогчтой  хар тамхины 11 бүлгийг илрүүлэн  шалгаж байна.

Үүнээс гадна   гуравдагч орноор дамжуулан Монгол Улс руу хар тамхи мансууруулах бодисыг илгээдэг бүлэг хүмүүсийг илрүүлсэн бөгөөд  мөрдөн шалгах хоёр улсын  эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагааны хүрээнд монголд авчирч шалгаж байгаа аж.

Хар тамхитай холбоотой асуудал хэзээ ч нэг улс үндэстний асуудал байдаггүй гэдэг. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хар тамхины хууль бус нийлүүлэлт нь БНХАУ, ОХУ болон Зүүн хойд, өмнөд Азийн орнууд гэсэн гурван урсгалаар орж ирдэг байна. Манай улсын хойд хөрш ОХУ-д 2019 оны байдлаар  опиум, амфетамины тархалт ихтэй, зургаан сая гаруй хэрэглэгчтэй бол өмнөд хөрш болох БНХАУ-д опиумын тархалт ихтэйгээс гадна 50 сая гаруй хэрэглэгчтэй гэх албан бус тоо бий. Ингээд нийтлэлийн төгсгөлд хар тамхины ангал руу ямар ч хяналтгүй “унаж” байгаа залуу үеэ аварч, улс орны уураг тархиа эрүүл байлгахын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл судалгаа шинжилгээнд тулгуурлан оновчтой бодлого хэрэгжүүлж, аюулгүй байдлын  зөвлөмж гаргах шаардлага тулгараад байгааг онцлоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж