Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Канадын “Reel 2 Real” наадмын шилдэг зураглалын шагнал хүртжээ. Цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 14-23-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан кино наадамд дэлхийн 35 орны уран бүтээлчид оролцсон байна.
“Алтан судал” уран сайхны кино нь өнгөрөгч гуравдугаар сард Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/ “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртэж байсан юм.
Мөн “Алтан судал” кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон юм.
Жүжигчин Н.Ялалт киноны талаар өмнө ярилцлага өгөхдөө “Энэ кино төсөл маань хоёр жилийн өмнө биелэлээ олж, 2018 оны наймдугаар сард зураг авалтаа эхэлсэн. Нийтдээ 70 гаруй Монгол уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны продюсер талыг Германы “Basis Berlin” кино компани хариуцсан. Харин зохион байгуулалт, оффисын ажил, зураг авалтын ажлыг Монгол, Герман, Араб, Австри, Ливан зэрэг таван орны уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны зураг авалтыг Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сум, Улаанбаатар хотод хийсэн” гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ